“Нано” шатахуун хэрэглээнд нэвтэрлээ

Монголын газрын тосны салбарт нэгэн шинэ үйл явдал тохиолоо. Тодруулбал “НИК”, “Петровис” компанийнхан нано бензин, шатахууныг өөрийн орны зах зээлд нийлүүлж байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологийг “Нано технологи” хэмээн нэрэлдэг. Өөрөөр хэлбэл нано технологи нь аливаа зүйлийг молекулын түвшинд сайжруулж, тухайн бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, чанартай болгохыг хэлдэг аж. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт нано технологиор боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг болсон.

Нано шатахууныг хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулах, авто машины шатахууныг хэмнэх, хөдөлгүүрийн элэгдлийг багасгах зэрэг давуу талтай гэдгийг “Петровис” компанийн удирдлагууд хэлж байлаа.
Нано шатахууныг хэрэглэгчдэд хүргэх ёслолын ажиллагаанд БОНХ-ийн сайд С.Оюун, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, “НИК”, “Петровис” компанийн ТУЗ-ийн гишүүн М.Халиунбат, гүйцэтгэх захирал Ч.Даваадаш нарын албаны хүмүүс оролцсон юм.
Ингээд “нано” шатахууны талаар албаны хүмүүсээс авсан тодруулгаа хүргэж байна.

Агаарын бохирдолд “нано” шатахуун эергээр нөлөөлнө

-Байгаль орчинд ээлтэй “Нано” шатахуун манай улсад нэвтэрч байгаад салбарын сайдын хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Ийм сайхан санаачилга гаргаад агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй “НИК”, “Петровис” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Ер нь нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол манай улсад учирч буй хамгийн том асуудлуудын нэг. Бид агаарын бохирдлын эсрэг олон арга хэмжээ авахаар ярьж, авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Харин гурван жилийн өмнөөс улсын болон хотын төсөвт агаарын бохирдлын эсрэг мөнгө сууснаар бодит ажлуудыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийслэлийн 190 мянган гэр хорооллын айл өрхийн зуухыг шинэчилсэн зуухаар солих ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 140 мянган айлд бүрэн шаталттай шинэчилсэн зуухыг тавьж өгсөн албан ёсны мэдээ бий.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэдэн хувийг гэр хорооллын утаа, хэдэн хувийг авто машины утаа эзэлж байгаа тухай судалгааг танай яамнаас хийсэн үү?
-Нийслэлийн агаарын бохирдлыг 60-70 хувийг гэр хорооллоос гарч буй утаа, зам тээврийн хэрэгслээс гарч буй утаа 20 хувийг нь бүрдүүлж байна гэсэн судалгаа байдаг. Гэр хорооллын зуухуудыг ирэх оны их ачааллаас өмнө бүрэн шинэчилнэ гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа.
Мөн нам даралтын зуухаар халдаг аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүд бий. Тэдгээрийн халаалтын байдлыг өөрчилж, төвийн шугам сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж байна. Зарим нь зуухаа солих болно.
Ингээд эхний ээлжинд агаарын бохирдлын гол хүчин зүйл гэр хорооллын зуухыг шинэчилсэн бол дараагийн ээлжинд зам тээврийн салбараас гарч буй бохирдолд анхаарлаа хандуулж байна. Тодруулбал манай яам, Зам тээврийн яамтай хамтран зам тээврээс шалтгаалан гарч буй агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар ярилцсан. Тэгээд нэгдүгээрт газрын тосоо нэрж шатахуун болгохдоо сайн чанарын стандартаар нэрж хүхэр, хар тунгалгийг нь үгүй болгодог. Сүүлийн үед дэлхий нийт евро-4, евро-5 стандартын шатахууныг голлон хэрэглэж байгаа. Гэтэл манай улсад хэрэглэж буй шатахууны стандарт евро-2 шүү дээ.
Засгийн газраас Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн евро-5 стандартынх байна. Гэхдээ тэр сайн чанарын шатахуунаа хэрэглэтэл багагүй хугацаа орно.
Хоёрдугаарт, авто машин нь аль болох хорт утаа бага гаргадаг байх ёстой. Үүнд байгаль орчинд хор нөлөө их үзүүлдэг авто тээврийн хэрэгсэлд онцгой албан татвар ноогдуулах замаар асуудалд хандаж байгаа.
Өнөөдөр авто тээврийн хэрэгслээс шалтгаалсан агаарын бохирдлыг бууруулахад маш их ач тустай нано шатахууныг “НИК”, “Петровис” компани нийлүүллээ. Компанийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар авто машинаас гарч буй хорт хий, утааг 21-98 хувь бууруулдаг гэсэн. Тиймээс энэ мэт байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг Засгийн газар болон БОНХЯ-наас дэмжинэ гэдгээ хэлмээр байна. Цаашид энэ чиглэлээр бусад аж ахуйн нэгжтэйгээ хамтран ажиллахыг хүсье.

Монголчууд шинэ бүтээгдэхүүн хэрэглэж байгаад баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт
-Таны хувьд нано шатахууны талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би өмнө нь энэ шатахууны талаар хувиараа судалж, сонирхож байсан. Өнөөдөр монголчуудын амьдралд бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна. Аливаа хөгжил дэвшил гэдэг технологийн дэвшилтэй салшгүй холбоотой зүйл. Ялангуяа өнөөгийн нийгэмд нано технологийн дэвшил нь хөгжлийг тодорхойлж байна гэж үзэхэд буруудахгүй.
Монгол Улс төрийн бодлогоо байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах, хэрэгжүүлэх тал руу орж байгааг та бүхэн ажигласан байх. Тухайлбал сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбарт “Хүн ба байгаль”, “Байгаль ээлтэй хөгжил” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тодорхойлсон. Тиймээс байгальд ээлтэй аливаа үйл хэрэг төрөөс дэмжигдэх нь гарцаагүй гэсэн үг.Манай улс хэдийгээр хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа ч байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжүүд маань зах зээлд нийлүүлж байгаад баяртай байна. Бид хэдхэн хоногийн өмнө Салхитын салхин цахилгаан станцыг хүлээн авсан. Өнөөдөр “нано” технологиор бүтээгдсэн шатахуун хэрэглэхээр болоод байна.

-Нано шатахууны давуу тал, үр дүнгийн талаар? 
-Том агуулгаар нь харах юм бол гадаад зах зээлээс 100 хувь хамаардаг шатахууны салбарт эдийн засгийн хэмнэлт гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нано шатахуун хэрэглэсэн иргэн бүрийн халааснаас гарах мөнгө хэмнэгдэнэ. Нөгөө талаасаа агаарын бохирдлыг бууруулахад авто тээврийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж байна. Мөн авто машины эдэлгээг уртасгах болно гэдгийг мэргэжилтнүүд тогтоочихсон. Мэдээж үр дүнг мэдрэхийн тулд тодорхой хугацаа шаардагдана. Тэгээд энэхүү гайхалтай бүтээгдэхүүний үр дүнг манай жолооч нар мэдрээсэй гэж хүсч байна.

Хэрэглэгчид маань нано шатахууны үр дүнг удахгүй мэдэрнэ

“НИК”, “Петровис” компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваадаш
-Юуны өмнө Монголын зах зээлд дэвшилтэт технологиор бүтээгдсэн шатахуун оруулж ирсэнд баяр хүргэе?
-Монгол Улсынхаа газрын тосны салбарт шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна. Бид байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бүтээгдэхүүн оруулж ирсэн. Хэрэглэгчид маань ч үр дүнг нь удахгүй мэдрэх байх.

-Нано болон жирийн шатахууны ялгаа юу вэ?

-Жирийн шатахууны хувьд форсунк нь шатахууныг шатах хорго руу шүршихэд шатахууны дуслууд бүрэн шаталт явагдах хэмжээний нарийн задарч чаддаггүй. Үүнээс үүдэн шатахуун их зарцуулаад зогсохгүй хорт хий, утаа ялгаруулж, шатах хөндий, хөдөлгүүрийн тосыг амархан бохирдуулдаг.
Харин нано шатахуун тасралтгүй тэсэрч байдаг тул бүрэн шаталт явагддаг гэж ойлгож болно. Энэ тэсрэлт нь шаталтын хоргоны хананд үүссэн бохирдлыг цэвэрлэж дахин бохирдохоос хамгаалдаг. Цэвэрхэн ханатай хөдөлгүүрт халалт үүсэхгүйгээс гадна хорт хий, утаа ялгаралт багасдаг нь олон улсын туршилтаар нотлогдсон зүйл.
Товчхондоо бид нано шатахууныг давуу талыг үндсэн гурван зүйлээр тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт, манай шатахууныг хэрэглэсэн жолооч, аж ахуйн нэгж агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулах болно.
Хоёрдугаарт, авто машины шатахууныг хэмнэх боломжтой. Манай орны нөхцөлд 10 хувийн хэмнэлт гарах боломжтой гэсэн судалгааг бид гаргаад байгаа. 15 литр шатахуунаар 100 км явдаг байсан бол нано шатахууныг хэрэглэснээр 111 км явах боломжтой.
Гуравдугаарт, авто машины хөдөлгүүрийн элэгдлийг бууруулах бүрэн боломжтой.

 -Нано технологиор бүтээгдсэн шатахууныг хаанаас оруулж ирж байгаа вэ?
-АНУ-аас оруулж ирсэн. Тус улсын “Н2-Ойл” гээд 20 гаруй жил үйлдвэрлэл эрхэлж буй компаниас нийлүүлж байгаа. Нано шатахуунаа 20 гаруй оронд экспортолдог юм билээ.

-Тэгэхээр үнийн хувьд бусад шатахуунаас өндөр байлгүй?
-Үгүй шүү. Үнийн хувьд бусад шатахууны үнэтэй адилхан.

-Танай компанийн бүх шатахуун түгээх станцууд нано шатахуунаар үйлчилж байгаа юу?
-Бүх шатахуун түгээх станцуудаар худалдаалдаг гэж ойлгож болохгүй. Нийслэлийн хэмжээнд 20 салбарт л худалдаалж байгаа. Орон нутгийн хувьд Дархан, Эрдэнэт хотууд мөн Багануур, Төв аймгийн Зуунмод хот, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Архангай аймгийн Цэцэрлэг хот, Баянхонгор аймгийн төв зэрэг газруудаас нано шатахуунаа авах боломжтой. Ийнхүү манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаанд шинэ бүтээгдэхүүн нийлүүлж байгаатай холбогдуулан мотоциклчид болон авто машины цуваа зохион байгуулсан юм. “Харанга” хамтлагийн уран бүтээлчид “Замд гаръя” дуугаа НИК”, “Петровис” компанийн сүлд дуу болгож байгаагаа албан ёсоор зарлаж, авто цувааг ахлан нийслэл хотын төвөөр салхи татуулан давхицгаасан.
Мөн нано шатахууныг дээжээс нийгмийн сайн сайхны төлөө өдөр шөнө, халуун хүйтнийг үйл ажран иргэддээ үйлчилдэг эмнэлгийн түргэний авто хүлгүүд, эргүүлийн цагдаа, онцгой байдлын алба хаагчдын гал унтраах аварга хүлгүүдийг цэнэглэсэн гээд олон сайхан үйл явдал зэрэг өрнөлөө.

images (1)

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …