Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа.
Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ.
“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэлээ. Мөн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төвцэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад даалгалаа.
Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.