Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг 2015.06.26-ны өдөр УБ-Дархан чиглэлийн зам засварын ажлыг шалгаж дүгнэлтээ гаргалаа. Энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу хийж байгаа засварын явц 96 хувьтай байна. Гэхдээ зарим үүрэг биелэгдээгүй байгааг ойрын хугацаанд биелүүлж замыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх шаардлагатай гэж үзлээ.
Замын шинэчлэлт хийгдээгүй үлдсэн хэсэгт нөхөөс хийж байгаа ч замын одоогийн ашиглалтыг бүрэн сайжруулж чадахгүй, аргацаасан байдалтай байгаа нь тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж чадахгүй гэсэн үг юм.
“Баянчандмань АЗЗА” компани өнгөрсөн оны наймдугаар сард хоёр хоног судалгаа хийхэд Дархан чиглэлийн замаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчсон байна. Хөдөлгөөний урсгал ихсэхийн хэрээр замын эвдрэл, хагарал нэмэгдэх хандлагатай тул замын насжилт, эвдрэлийн байдлыг нь харгалзан их засвар, шинэчлэл хийх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай гэж дүгнэлтэд дурджээ.
Мөн замын тэмдэг, хэвтээ тэмдэглэл нь стандартад нийцэж байгаа эсэхэд Замын цагдаагийн газартай хамтран судалгаа хийж, стандартын дагуу тэмдэг, тэмдэглэл хийх, байршуулах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өмнө нь судалгаа хийн Дархан чиглэлийн замд хамгийн их осол гарч иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог 9 цэгийг тогтоосон. Энэ судалгааны дүн, ослын шалтгаанд дүн шинжилгээ хийх, ослыг бууруулах чиглэлээр ямар ажил хийх, үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах зэргийг тодорхойлох Ажлын хэсэг байгуулж Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах шаардлагатайг улсын байцаагч дүгнэлтдээ тусгажээ.