Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

medee150702Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн төв болон зарим сумдад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга хууль тогтоомжоор олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:

1/ Зэрэг сумын Засаг даргын 2014 оны А/71 дүгээр захирамжаар “Аймгийн арслан” цол хүртсэн Баярхүү овогтой Бат-Өлзийд “Зэрэг хүчтэн” хөтөлбөрийн хүрээнд гэх нэрийдлээр 10 000 000 /арван сая/ төгрөгийн урамшууллыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс олгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1.4-т заасан “төсвийн болон … хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэснийг зөрчсөн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зэрэг хүчтэн” хөтөлбөрт аймгийн цол хүртсэн бөхөд урамшуулал өгөх тухай асуудал тусгагдаагүй, мөн Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4.8-д заасан “Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх эх үүсвэрийг өөр бусад эх үүсвэртэй давхардуулахгүй байх” зарчмыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолд зааснаар аймгийн наадамд түрүүлсэн бөхөд аймгаас бай, шагналын хөрөнгийг гаргасан байхад сум давхардуулан хөрөнгө зарцуулсан;

2/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны а/54 дүгээр тушаалаар “аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга болон ерөнхий ня-бо, Засаг даргын туслах нарын мобиком болон суурин утасны ярианы лимит” батлахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, Засгийн газрын 1999 оны 84 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын “7.1.Ажилтнуудад сард үүрэн телефоны ярианы төлбөрт 15000 нэгж олгоно” гэснийг тус тус үндэслэсэн байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд Засгийн газрын 1999 оны 84 дүгээр тогтоолоор баталсан үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад байхгүй, Засаг дарга, Засаг даргын орлогчийн ярианы лимит Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтэрсэн;

3/ хууль тогтоомжоор тусгайлан эрх олгоогүй байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2014 оны а/61 дүгээр тушаалаараа иргэний танхим ашигласны түрээсийн хэмжээг цагт 10 000 – 15 000 төгрөг байхаар тогтоосон зэрэг байлаа.

Иймд Зэрэг сумын сумын Засаг дарга Д.Октябрьт Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлагыг ногдуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын а/54 дүгээр тушаалыг Засгийн газрын 1999 оны 84, 2002 оны 120 дугаар тогтоолд нийцүүлэх, мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны а/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч, дүнг 2015 оны 8 дугаар сарын 1-ний дотор тус газарт ирүүлэхийг албан бичгээр мэдэгдлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …