Гурван өдрийн турш тууль хайлж, цуур эгшиглүүлэв

DSCN0122Ховд аймагт болсон Монгол улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын анхдугаар үзлэг 6-р сарын 29-нөөс 07-р сарын 1-нийг дуустал үргэлжиллээ.

Энэхүү наадмыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.

 Наадмын шүүгчдээр МУИС, МХСС, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор С.Дулам, Монголын Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбат, СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн захирал, профессор Ж.Долгорсүрэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Б.Катуу, ШУА – ын хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрхлэгч, доктор Т.Баясгалан, нар ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 357 дугаар тогтоолоор батлагдсан «Монгол тууль» үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан алдар гавьяаг нь мөнхжүүлэх, урын сан, дэг сургуулийнх нь онцлогийг судлан сурталчлах, хойч үед өвлүүлэх ажлын хүрээнд Монгол туулийн амьд уламжлалыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, туульчдын залгамж үеийг бэлтгэхэд наадмын зорилго оршиж байгаа бол Цуурын үзлэг ч мөн ялгаагүй, гоц авьяастан, нэрт туульч П.Наранцогтын алдрыг мөнхлөх, нэн ховор өв тээгчдийн урын санг хамгаалах, түүнийг судлан сурталчилж, нийтэд мэдүүлэх, хойч үед өвлүүлэхэд голлон чиглэгдэж байгаа аж.

Цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна.

DSCN0112Сүүлийн 4 жилд цуур хөгжмийн уламжлалыг сэргээх, цуурдах урлагийн уламжлалыг хамгаалах, хөгжүүлэх, сургах, судлах, сурталчлах, хэвийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа ажээ. Цуурын урлагийг хойч үед өвлүүлэхэд гэрийн улмжлалт шавь сургалтын зарчмыг орчин үеийн сургалтын арга хэлбэртэй зөв хослуулах замаар албан бус сургалтын үр ашигтай арга хэлбэрийг олж тогтоох чиглэлд ч эрэл хайгуул хийгдэж байгаа юм байна. Цуурын уламжлалыг өвлөж, хамгаална гэдэг зөвхөн цуурын дуу авиаг гаргаж сурснаар хязгаарлагдахгүй. Цуур хөгжмийн урлаг бол цуурдах арга барилаас гадна үе, үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг эзэмшсэн байх өндөр шаардлагыг багтаасан байдаг. Одоогоор Монгол Алтайн Урианхай ястны дунд уламжлагдаж ирсэн цуурын урын сангаас байгаль, уул усны зураглал, ан амьтаны дуудлага, хүн байгалийн харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн 40 орчим аяз мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь нотоор (эгшгийн бичээс) биш зөвхөн ой тогтоомж, сонсголоор үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн байна.

Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг байна.

Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо  үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.

Тууль хайлах эрдмийг төгс эзэмшсэн  Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдийн нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ.

Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг байжээ.

       Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болсон юм.

DSCN012310 гаруй багш, 30-аад шавь нарын бүрэлдэхүүн бүхий ардын язгуур урлагийн энэ наадам 7 сарын 1-ний өдөр дүнгээ гаргаж, шилдэгүүдээс бүрдсэн ГАЛА тогтлолтыг үзэгчдэд тоглон үзүүлсэн.

Туулийн наадамд төрийн соёрхолт Б.Авирмэд агсны ач, Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн эрхлэгч, туульч Нацагийн Дамдиндорж тэргүүн байрыг, мөн Авирмэд агсны, удам болох, туульч Доржпаламын Чинтулга дэд байрыг, Увс аймгийн Ховд сумын харьяат СУИС-ын магистрант, туульч Идэшийн Төгсөө гутгаар байрыг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, туульч Бокоон Болд, Ховд аймгийн Дуут сумын уугуул, туульч  Эрдэнэцогтын Баатаржав нар тусгай байрын шагналыг тус тус хүртлээ.

Тэргүүн байрыг БСШУ-ны яамны өргөмжлөл, 6.0 сая төгрөг, дэд байрыг мөн өргөмжлөл 4.0 сая төгрөг, гутгаар байрыг өргөмжлөл 2.0 сая төгрөг, тусгай байрыг өргөмжлөл 1.0 сая төгрөгөөр шагнасан.

Цуурын наадмын ганцаарчилсан төрөлд  тэргүүн байрыг нэрт цуурч П.Наранцогтын удмын цуурч Б.Загджав, дэд байрыг Ховд аймгийн Дуут сумын цуурч Д.Батхүрэл, гутгаар байрыг мөн нэрт цуурчийн хүү Н.Буяндэлгэр, тусгай байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын цуурч С.Бямбажав, Ховд аймгийн Дуут сумын уугуул цуурч Б.Хашжав, Б.Даваажав нар эзэлсэн бол хамтлагийн төрөлд тэргүүн байрыг нэрт цуурч П.Наранцогтын зээ нар болох, цуурч Б.Мөнхцоож ахлагчтай “Тасрашгүй холбоо” эмэгтэй хамтлаг, дэд байрыг Ховд аймгийн ХДТ-ын Жангар хамтлагууд тус тус эзэллээ.

Цуурын наадмын ганцаарчилсан төрлийн шагналыг 400.0 мянгаас 1.0 сая төгрөг, хамтлагийн төрлийнхийг 400.0 мянгаас 600.0 мянган төгрөг дагалдсан юм.

DSCN0114

Г.Төрмөнх

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …