Монгол төрийн мэргэн өвөө хэмээн төр, түмэндээ хүндлэгдсэн Жамсрангийн Самбуу агсны мэндэлсэний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын уугуул бөгөөд “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагаас санаачлан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Ж.Самбуугийн нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Ж.Самбуу” сан, Монгол туургатны шатрын холбоо ажиллаж байгаа ажээ.
Тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, “Монгол туургатны шатрын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, МУГТ ахмад шатарчин н.Мягмарсүрэн, Г.Чилхаасүрэн болон УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Төмөрбат нар оролцож тамирчдад баяр хүргэж, үг хэллээ. Харин өнөөдөр намынхаа бүлгийн хурлаар улс төрийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас М.Энхболд дарга хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд хаалтын үйл ажиллагаан дээр ирнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа зэрэг манай улсын шилдэг их мастеруудаас гадна өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Мөнхзул, дэд аварга Е.Төгстөмөр нарын тэргүүтэй шилдэг 152 шатарчин өрсөлдөж байгаа бол найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцож байгаа юм. Тэмцээн өнөөдөр “Урамтай шатар” клубын байранд албан ёсоор эхэлж гурав хоног үргэлжлээд ирэх лхагва гаригт 18:00 цагаас өндөрлөх ажээ.
Тэмцээний нээлтийн үеэр ахмад шатарчин Г.Чилхаасүрэн Ж.Самбуу агсантай шатар тоглож явсан тухайгаа хуучилсан нь залуу шатарчдад хамгийн сайхан зүйл байлаа. Тэрээр ярихдаа “1957 он Сүхбаатар аймагт ажиллаж байсан юм. Тэгсэн нэг орой Ж.Самбуу гуайтай шатар нүү гэсэн. Намайг яваад очтол цай, идээ бэлтчихсэн, шатраа өрчихсөн жирийн л нэг монгол өвгөн угтаж авсан. Гэсэн хэдий ч сүрдээд л байсан шүү. Тэр өдөр дөрөв тоглоход би 2 хожиж, хоёр тэнцсэн юмдаг. Түүнээс хойш ч нилээд их тоглосон.” гэсэн юм. Ж.Самбуу гуай зөвхөн шатарт дуртай нэгэн байсангүй. Тэрээр 1956 онд Олон улсын шатрын холбоонд манай улс гишүүнээр элсэхэд ихээхэн хичээж, тэр ондоо олон улсын тэмцээнийг эх орондоо зохиож байжээ. Мөн тэрээр дайны үед Хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байхдаа нэгэн бөмбөгдөлтийн үеэр нуувчруу шатраа өрөөстэй чигээр нь барьчихсан алхсаар ирж байсныг нь ч мөн энэ үеэр дурссан юм. Мөн тэрээр шатраас сурсан ухаанаараа төрийн их хэргийг залж байсныг нь бодолцож, хожим өнөө цагт ийм удирдагч төрөхийг билэгдэл энэ удаагийн тэмцээний уриаг “Монгол Улсыг хөгжүүлэхэд шатар ухаан хэрэгтэй” хэмээн онцолжээ.
Шатарчид энэ тэмцээнд талдаа нэг цагийн хяналттайгаар швейцарь системээр 9 өрөг тоглох бөгөөд тоглолтын үеэр гар утас нь дуугарсан тоглогчийг шууд хожигдсонд тооцохоор удирдамжиндаа зааж өгчээ. “Шатар ухаан-2015” тэмцээнээр дотоодын чансаа тооцогдох бөгөөд тэмцээний хоёр дахь хэсэг энэ оны 9-р сараас Төв аймгийн бүх сумдаар үргэлжлэх ажээ.