Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадам тун удахгүй болох гэж буй, иргэд олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын их хурал хэд хэдэн амин чухал хуулийг батлахаар “улайрч” байна.
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар болсон.
Энэ хугацаанд эрүүгийн хууль, зөрчлийн тухай болон бусад холбогдох хууль, өршөөлийн тухай хууль, газрын тухай, нийтийн сонсголын тухай зэрэг маш чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
2015 оны 07 сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэлэлцэх хуулийг төслийн талаар ЭНД дарж үзнэ үү.
Тухайлбал эрүүгийн хуулийн төсөлд дандаа өөрсдийгөө хамгаалах, иргэд олон нийтэд ял тохоох заалтууд оржээ.
“…14.3-ын “Бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах” гэсэн утгад “УИХ, ЗГ-ын тэр гишүүн буруу ярьж байна ” гэж мэдээллийн хэрэгслээр тараахад 6 сарын хорих ял,
19.9-д Улс орны аюулгүй байдалд нөлөөлөх байсан Таван-Толгойн гэрээний мэдээлэл, Оюу-Толгойн мэдээллийг цуглуулах, хадгалж байхад 3 жилийн хорих ял өгөхөөр тусгагджээ.
14.3 дугаар зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах
1.Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.9 дүгээр зүйл. Төрийн нууцыг хууль бусаар олж авах
1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ …” гэх зэргээр дандаа өөрсдийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьсан зүйл заалтууд оржээ.
Хэрвээ “УИХ-ын 76 зайл. огцор” гэх зэргээр иргэдийг турхирч өдөөн хатгасан үйлдэл хийвэл 12 жилийн ял сонсоод өргөст торны цаана сууж мэдэх нь.
Ингэж ардчилсан Монгол Улс шоронжсон улсын жагсаалтыг өдрөөс өдөрт тэргүүлэх бэлтгэлээ хангасаар.
Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд АНУ, Их Британи зэрэг бусад орноор айлчлал хийх үедээ Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа 7-р сарын 11 буюу үндэсний баяр наадмаар Парламент завсарлахын өмнөхөн Таван толгойн асуудлыг хэлэлцэх талаар дурьдсан байна.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2015/06/27/us-mongolia-mining-idUSKBN0P701F20150627
Иргэд, олон нийтийн анхаарал улс төрөөс түр хөндийрч, баяр наадам, амралт, аялал зугаалганы үе эхлэхтэй зэрэгцэн ийн нэг намаа засгаас гаргах зэрэг асуудалд төөрөгдүүлж, Тавантолгой болон эрүүгийн хуулийг батлахаар улайрч байна.
УИХ-ын хаврын чуулганаар энэ парламент Ноён уулаа хамгаалсан, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан зэрэг тоотой хэдхэн “онц” үнэлгээ авахаар ажилласан бол ихэнх хугацаанд халгаа сэлгээ, сандал ширээний асуудлаа ярьсаар өндөрлөх болсныг олон нийт бэлхнээ мэдэж байгаа.
Тэгвэл Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд хүлээгдэлд ороод байгаа олон чухал хуулийн төслүүд багтжээ.
Тухайлбал гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хойш тавьж намрын чуулганаар хэлэлцэнэ гэж оруулсан атлаа өөрсдийгөө өмгөөлөх, иргэдээ өргөст торны цаана өчүүхэн шалтгаар түлхэх эрүүгийн хуулиа наадамтай зэрэгцэн батлах гэж энэ парламент “зүтгэж байна.”
Гэтэл нийгмийн хамгийн чухал хэсэг болох гэр бүл, хүүхдийн асуудлыг “намар шийднэ” гэчихээд өнөөх халгаа сэлгээ, сандал ширээгээ ярьсаар суугаа нь дэндүү харамсмаар.
Г.Туяа
Undesten.mn