Сүүлийн жилүүдэд Монгол Төрийн далбааг зөв, буруу харуулж харьцаа нь алдагдсан алдаатай урд хөрш Хятадад буруу үйлдвэрлэсэн далбааг, машины цонх, малгай, цамц, сав гээд байрлуулахгүй газар үгүй болжээ.. Тиймээс Маргааш төрийн далбааны өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Монгол Төрийн түүх болон утга учир билгэдэлийн тухай, стандартад заасан далбааны зөв хэмжээсийн тухай товчхон уншигч олондоо хүргье.
1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Үүнээс хойш 1924, 1940, 1945, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад Төрийн далбааны тухай мөн зааж өгчээ.
Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Монгол Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.
Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байна. Соёмбо нь анх 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм.
Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэгдлэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог. Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утга бөгөөд хүн ард эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол Улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм. Соёмбын хоёр хажуугийн босоо өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ. Ийнхүү Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Б.Нараа