Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм. Энэ шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм.
Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозамбарихаар тогтлоо. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэнэ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн, хоёр улсын хоорондтээвэр хийж буй Монгол, Хятадын харъяат жолооч нарын улсын хил нэвтрэх журмыг хялбаршуулах асуудлыг судлан санал боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Экспортын түүхий тосны тээвэр хийж буй жолооч нар хилээр орж гарахдаа БНХАУ-ын “албаны энгийн” паспорт ашигладаг, паспортын хуудас нь 2-3 сарын дотор л штампаар дүүрч дуусчихдаг байна. Паспорт шинээр авахад урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөлгээд олон дамжлага дамжиж, хугацаа алддаг байна.
эх сурвалж: засаг.мн