Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны түрүүг авч Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод нийт 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал очжээ. Баяр наадмын түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Toyota Motor” компани шинэхэн арсланд 108.2 сая төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser 200” автомашин бэлэглэсэн бол “Их Засаг” олон улсын их сургууль 200 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө байр, “Хан хэнтий хөгжил” сан 100 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр бэлэглэсэн байна. Энэ онд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардал хоёр тэрбум 747 сая төгрөг байсан бөгөөд үүнээс үндэсний бөхийн бай шагналд 85.7 сая төгрөг төсөвлөснөөс түрүү бөхөд 15 сая төгрөг өгчээ. Харин хурдан морины бай шагналд 227.3 сая төгрөг, сур харваанд 83.87 сая төгрөгийн шагналыг төсөвлөөд байсан аж. Эргэн сануулахад өнгөрсөн оны баяр наадмын төсөв 2.2 тэрбум төгрөг байснаас 946 сая төгрөгийг нь бай шагналд зарцуулж байжээ. Сонирхуулахад “Монгол хуушуур 2015”-д оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүдээс “Эрчим” зоогийн газрын хийсэн “Эрчим хуушуур” “Хамгийн том”, “Хамгийн амттай” хуушуураар шалгарч, цом, нэг сая төгрөгөөр шагнуулжээ.
эх сурвалж: bloomberg.mn