Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоныИргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгөөр 3.8 километр зам тавих ажил дуусч, өнөөдөр замын нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, Монголын Шинэ тосгон холбооны тэргүүн К.Марина болон Солонгосын зочид төлөөлөгчид, иргэдийн бүлгийн гишүүд, тосгоны иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Сайжруулсан замыг засахад тосгоны 160 гаруй иргэн, 30 аж ахуйн нэгж болон дүүргийн Засаг даргын Тамгын газар маш их туслалцаа үзүүлж, гар бие оролцсон хэмээн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байлаа. Мөн уг бүтээн байгуулалтыг хийхэд иргэдийн бүлгийн идэвхи санаачлага маш чухал байсан бөгөөд бүлгийн ахлагч Д.Сайнцогийн үүрэг их байсан гэдгийг хэлж байсан юм.
Иргэдийн хандив, дэмжлэг туслалцаатайгаар 3,8 километр замыг сайжруулан засах уг ажил маань дүүргийн 50 жилийн ойдоо барьж байгаа бидний бэлэг юм хэмээн иргэдийн бүлгийн ахлагч хэлсэн. Түүнчлэн тэрбээр дүүргийн Засаг даргын Тамгын газраас техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангасны үр дүнд богино хугацаанд замыг засч дууссан гэлээ.
Дашрамд мэдээлэхэд, 20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог, хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий хүртэл нийт 3.8 километр замыг сайжруулсан шороон замын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-нд эхлүүлэн сар хүрэхгүй хугацаанд дуусгажээ.