Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий.
Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
“Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
“Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
-Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
-Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.