Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

​Тусгай хамгаалалт гэдэг нэрийн дор олон үеэрээ нутаглаж ирсэн ард түмнээ эх нутагт нь хавчин хязгаарлаж, өв соёл, уламжлалаас нь салгаж байгаа бол бид чухам юуг хамгаалж байгаа хэрэг вэ?

Тусгай хамгаалалт гэх нэрийн дор бие биенээ матаж, нэгнээ шорон гянданд хүртэл явуулж, олон үеэрээ эв найрамдалтай амьдарч ирсэн ард түмнийг хооронд нь хагаралдуулж байгаа нь юутай харамсалтай вэ. Эх нутгаа хамгаалж, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж ирсэн ард түмэн өнөөдөр төрийн хууль, журмын өмнө өөрийнхөө нутагт хүртэл эрх нь хязгаарлагдсан хүмүүс болж хувирчээ.

Дархад түмэн Дархадынхаа энэ л хонхорт эвтэй найртай байж, бие биенээ түшиж тулан, хэдэн зуун жилийн турш хангай дэлхий, ан амьтантайгаа шүтэн барилдаж ирсэн ард түмэн шүү дээ, бид. Байгалийнхаа хишгийг хүртэхдээ хэмжээгээ мэдэж, өнөөдрийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ маргаашийнхаа амьдралыг бодож ирсэн уламжлалтай.

Энэ бол зүгээр нэг амьдралын хэв маяг биш. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн ухаан, байгальтайгаа зохицон амьдрах арга билэг, эх нутгаа хайрлах сэтгэл юм.

​

“Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэсэн үг өнөөдөр ч үнэ цэнтэй

Эртний өвгөд маань “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” хэмээн хэлдэг байжээ. Энэ үгэнд өөрийн гэсэн амьдралын ухаан, нутаг усныхаа онцлогийг мэддэг ард түмний бие даасан сэтгэлгээ, гаднаас тулгасан үзэл суртал, арга барилыг сохроор дагахгүй байх зарчим шингэсэн байдаг.

Үнэн үг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ улам тодруулдаг ажээ.

Өнөөдөр Монгол Улсад байгаль хамгаалах бодлого хэрэгтэй гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Харин байгалиа хамгаалах нэрийн дор олон үеэрээ тухайн нутагтаа амьдарч, хангай дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн ард түмнийхээ амьдралын туршлага, уламжлалт мэдлэгийг үл тоомсорлож болох уу?

Байгаль хамгаалах гэдэг нь нутгийн иргэдийн амьдралыг гаднаас нь зааж, хориглож, хязгаарлахын нэр биш байлтай. Харин тэдний олон зуун жилийн турш хуримтлуулсан мэдлэг, дадал, байгальтайгаа харилцаж ирсэн уламжлалыг орчин үеийн хамгаалалтын бодлоготой уялдуулахын нэр байх ёстой.

​

Нутгийн иргэдийг хяхан боогдуулах бус, тэдний дуу хоолойг сонсох ёстой

Хөвсгйл аймгийн хойд хязгаар нутгаар нутагладаг Дархад, Урианхай, Цаатан зэрэг нутгийн цөөнх ястнуудын түүх бол эх нутаг, өв соёл, амьдралын хэв маягаа хадгалан үлдээхийн төлөөх олон үеийнхэний амьдралын хэв маяг юм. Тэдний амьдрал байгаль дэлхийгээсээ салангид оршдоггүй. Хангай, ой тайга, ан амьтан, гол ус бол тэдний амьдралын орших нөхцөл төдийгүй өв соёл, уламжлалынх нь салшгүй хэсэг билээ.

Дархад түмний өвөг дээдэс эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн байгальтай энэ нутгийг олон үеэрээ эзэмшин нутаглаж, амьдрал ахуйгаа залгуулан, үр хүүхдэдээ өвлүүлж ирсэн. Тэдний хувьд эх нутаг гэдэг газрын зураг дээрх хил хязгаар төдий зүйл биш. Харин өвөг дээдсийнх нь мөр, амьдралынх нь дурсамж, үр хүүхдийнх нь ирээдүй юм.

Гэтэл өнөөдөр “тусгай хамгаалалт”, “хууль дүрэм хэрэгжүүлэх” гэх нэр томьёоны цаана алс хязгаар нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг хэт хязгаарлаж, олон үеэрээ нутаглаж ирсэн газартаа өөрсдийн ахуй амьдралаа залгуулахад нь хүндрэл учруулж байгаа асуудал хөндөгдөдө эхэллээ.

Хашааныхаа модыг ч авч хэрэглэх эрхгүй мэт нөхцөл байдалд хүрч, нутгийнхаа байгалийн баялгийг хэрхэн зохистой ашиглах талаар шийдвэр гаргахад оролцох боломжгүй болж байгаа бол энэ бодлогыг Төр засгийн түвшинд эргэж харах цаг болжээ.

Хууль байгаль хамгаалах зорилготой байж болно. Гэхдээ хууль хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийн эрх, амьдралын нөхцөл, уламжлалт хэрэглээ, соёлын онцлогийг харгалзан үзэх учиртай. Хамгаалалтын дэглэмийн шаардлага, нутгийн иргэдийн бодит амьдрал хоёр зөрчилдвөл тэр зөрчлийг зөвхөн хориг, шийтгэлээр шийдэх бус, харилцан ойлголцол, оролцоо, шударга зохицуулалтаар шийдэх ёстой.

“Хангайн хишиг” бол ан агнуур төдий зүйл биш

Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн эртний Монгол овог аймгуудын ёс заншил, өв соёлын олон нандин уламжлал өнөөдөр ч Дархад нутгийн иргэдийн дунд хадгалагдан үлджээ.

Түүний нэг нь анхны цас унах үеэр захын малчин ганц бодон унагаж, айл хотлоороо хуваан хүртдэг уламжлал юм. Үүнийгээ тэд “хангайн хишиг” хэмээн дээдэлж иржээ.

​

Энэ уламжлалыг өнөө цагийн нүдээр хараад зөвхөн ан агнах, хоол тэжээлээ олох арга гэж ойлговол учир утгыг нь гээж орхино.

Хангайн хишгийг айл хотлоороо хуваан хүртэнэ гэдэг нь байгалиас хүртэхдээ хэмжээгээ мэдэх, олз омгоо бусадтай хуваалцах, хамтын амьдралын холбоогоо бэхжүүлэх, хангай дэлхийн өгсөн хишгийг дээдлэх үзэл юм. Энэ уламжлалын цаана байгалиа хайрлах, бусдынхаа амьдралыг бодох, үр хүүхдэдээ зөв хандлага өвлүүлэх ухаан бий.

Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн хоол хүнсний тухай асуудал биш. Энэ бол соёл, хүмүүжил, ёс заншил, байгальтайгаа харилцах харилцааны тухай асуудал юм.

Гэхдээ мэдээж уламжлал гэдэг нэрийн дор байгалийн нөөцийг хяналтгүй ашиглах, ан амьтныг зохисгүй агнахыг зөвтгөж болохгүй. Байгалийн тэнцвэрийг хамгаалах, ан амьтны нөөцийг нөхөн сэргээх, хууль ёсны шаардлагыг мөрдөх нь зайлшгүй чухал. Гэвч нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг байгаль хамгааллын зорилготой сөргөлдүүлэн тавихын оронд шинжлэх ухааны үндэслэл, нутгийн мэдлэг, хууль ёсны шаардлагыг уялдуулсан зохистой шийдэл олох ёстой биш үү?

Байгаль хамгаалах уу, эсвэл хүнээ мартах уу?

Байгаль дэлхийгээ хамгаалах ёстой. Үүнд маргах хүн үгүй. Харин байгаль хамгаалах бодлого хэрэгжүүлэхдээ тэр байгальтайгаа хамт амьдарч ирсэн хүнийг орхигдуулж болохгүй.

Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг нь зөвхөн ой мод, уул ус, ан амьтныг хамгаалсан хил хязгаар биш. Тэнд олон үеэрээ амьдарч ирсэн хүмүүсийн түүх, соёл, уламжлал, амьдралын хэв маяг ч бий. Тиймээс байгаль хамгааллын бодлого нутгийн иргэдийг асуудлын нэг хэсэг мэт үзэх бус, шийдлийн нэг хэсэг болгон оролцуулах учиртай.

Хэрэв байгаль хамгаалах бодлогоос болж нутгийн иргэд өөрсдийнхөө уламжлалт амьдралаа залгуулах боломжгүй болж, өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэхэд хүндрэлтэй болж, эх нутагтаа амьдрах эрх нь хязгаарлагдаж байгаа бол Засаг төрөөс байгаль хамгааллын бодлогынхоо зорилго, арга замыг дахин нягтлах шаардлагатай.

Байгаль хамгаалах нэрийн дор иргэдийг хооронд нь талцуулж, бие биеэ хянаж, торгож, хууль шүүхээр айлгаж, матаж амьдрахыш өөгшүүлж, дэмжих нөхцөл бүрдүүлэх нь урт хугацаандаа байгаль хамгаалалд ч, нийгмийн эв нэгдэлд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Харин нутгийн иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулж, тэдний эрх ашгийг хамгаалан, хариуцлагатай хэрэглээний зарчмыг хамтдаа хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй зам юм.

Эх нутгаа хамгаалах гэдэг нь ард түмнээ хамгаалахыг хэлнэ

Бидний өвөг дээдэс хангай дэлхийгээ хайрлан хамгаалж, түүнийхээ хишгийг хүртэж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийн төлөө амьдарч ирсэн. Тэдэнд өнөөдрийнх шиг олон дүрэм журам, захиргааны тогтолцоо байгаагүй байж болох ч байгальтайгаа зохицон амьдрах өөрийн гэсэн ёс заншил, хэм хэмжээ, хариуцлага байсан юм.

Тэр бүхнийг үгүйсгэж, нутгийн иргэдийн амьдралын туршлагыг үл ойшоон, байгаль хамгаалах ажлыг зөвхөн хориглох, хязгаарлах замаар хэрэгжүүлэх нь учир дутагдалтай.

Хангай дэлхийгээ хайрлах сэтгэл, өвөг дээдсийнхээ уламжлалыг үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх эрх маань хаана байна вэ?

Өв соёлоо хадгалж, эх нутгаа хамгаалж, эв найрамдалтай амьдрахыг хүссэн нутгийн иргэдийн дуу хоолойг хэн сонсох вэ?

Бид байгалиа хамгаалах ёстой. Гэхдээ байгаль хамгаалах бодлогоо хүнээ хамгаалах бодлоготой хамт авч явах учиртай. Нутгийн иргэдээ шахан хавчиж, тэдний амьдралын хэв маяг, уламжлалыг үгүйсгэснээр байгаль хамгааллын зорилго бүрэн биелэхгүй.

Эх нутгаа хамгаална гэдэг нь зөвхөн газар шороо, уул ус, ой мод, ан амьтнаа хамгаалахыг хэлэхгүй. Тэр нутагтайгаа хамт оршиж ирсэн ард түмнийхээ түүх, соёл, уламжлал, амьдралын хэв маягийг хамтад нь хамгаалахыг хэлнэ.

Хангай дэлхий эзгүй газар биш. Тэнд амьдрал бий. Тэнд өвөг дээдсийн түүх бий. Тэнд өнөөдөр ч эх нутгаа гэсэн сэтгэлтэй, үр хүүхдээ өсгөж, уламжлалаа өвлүүлэн амьдарч буй эзэн нь болсон ард түмэн бий.

Тэдний дуу хоолойг сонсож, эрхийг нь хүндэтгэж, уламжлалыг нь хамгаалж чадсан цагт л байгаль хамгаалал жинхэнэ утгаараа үр дүнтэй болно.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Д.Амартүвшин, Б.Даваажав нарыг сонголоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2026.10.16/ хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус …