Монгол жолооны үнэмлэхний “алдаанууд”

17db16fa73c7ef6ebigЖолооны үнэмлэх гэдэг бол зарим нэг хөгжилтэй оронд хамгийн чухал бичиг баримт болдог тул Австрали улсад сурч байх хугацаандаа жолооны үнэмлэх авах зайлшгүй шаардлага гарсан тул доор өгүүлэх бяцхан бөгөөд сургамжтай түүх үүдэн гарсан билээ.

Ч.Амарлхагва миний бие 2008 онд /Австрали улсын NSW /New South Wales – Австрали улсын зүүн эргийн муж/ буюу Сидней хотоос жолооны үнэмлэх авах шаардлага гараад манайхаар бол замын цагдаагийн газар буюу RTA /Roads and Traffic Authority/ дээр очлоо.

Хэрэв чи өөрийнхөө улсад жолоо барьж байсан бол Австрали улсын нутаг дэвсгэрт орж ирснээс хойш 6 сарын дотор өөрийн үнэмлэхээрээ замын хөдөлгөөнд оролцож болдог. Харин 6 сараас дээш болсон бол жолооны дүрмийн шалгалт өгөөд “Learner Driver Licence” буюу анхлан суралцагчийн үнэмлэх авах боломжтой байдаг юм байна.

Ер нь Австрали улсын жолооны үнэмлэх нь 3 үе шаттай байдаг. Үүнд:

1. 18 наснаас дээш хүн жолооны дүрмийн шалгалт өгсөнөөр “Learner Driver Licence” буюу жолоо барихдаа заавал 3 үе шатыг давсан “Full Driver Licence” –тай хүн хажуудаа суулгасан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий ногоон өнгийн жолооны үнэмлэх /Хурдны дээд хязгаар 80 км/цаг /

2. “Learner Driver Licence” авсан хүн нэг жилийн дотор жолооны шалгалт өгсөнөөр “Provisional Driver Licence” буюу өөрөө бие даан замын хөдөлгөөнд оролцох боломжтой улаан өнгийн жолооны үнэмлэх /Хурдны дээд хязгаар 90 км/цаг /

3. “Provisional Driver Licence” жолооны үнэмлэх авсанаас хойш нэг жилийн дараа дахин жолооны шалгалт өгсөнөөр “Full Driver Licence” буюу жинхэнэ үнэмлэх болох шар өнгийн жолооны үнэмлэхийг авбал замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхтэй болно. /Хурдны дээд хязгаар гэж байхгүй зөвхөн замын тэмдэг тэмдэглэгээг дагаж мөрдөнө /

Мөн тухайн өөрийн улс орондоо 2-оос дээш жил жолоо барьсан бол жолооны дүрмийн шалгалт өгч “Learner Driver License” авсаны дараа “Provisional Driver License”-ийн шалгалт өгөхгүйгээр шууд “Full Driver License” шалгалт өгч жинхэнэ бүрэн эрхт жолооны үнэмлэх авч болох боломжтой байдаг юм байна.

Би энэ үед дотроо баярлаж, Монголоос гарахдаа жолооны үнэмлэхээ шинэчлэн авч гарсан нь аз боллоо. Гэхдээ тэрхэн үед аз гэж бодсон зүйл маань бидний анзаараагүй, гэнэн алдаа байсныг мэдсэнгүй ээ.

Гэхдээ жолооны үнэмлэхээ тэмдэглүүлдэг журамтай юм байна. Ингээд өөрийн жолооны Монгол үнэмлэхээ хариуцсан ажилтанд өглөө. Яг энэ үеэс л миний болон бидний хэрэглэдэг жолооны үнэмлэхний инээдтэй гэмээр дүр төрх, алдаа, бяцхан наргиа эхэлсэн юм.

ГЭТЭЛ АЖИЛТАН: “Энэ хаанахын үнэмлэх вэ? Уг нь англи үгнүүд байгааг би харж л байна л даа гэхдээ бас өөр хэл холиод бичсэн байна. Гүйцэд ойлгох боломжгүй байна. Бас тэгээд би энэ үнэмлэх дээр Монгол гэж үг олж харахгүй байнаа уучлаарай гэлээ.”

БИ: Юу вэ? Алив би өөрөө харъя гээд аваад үзсэн үнэхээр Монгол гэж нэг ч үг алга. “ Олгов: Замын Цагдаагийн Газар” гэсэн үг дор нь байлаа. Эргүүлээд харвал нэг ч Монгол гэсэн үг байдаггүй ээ. Монгол байтугай “Mongolia” гэж ч байсангүй. Та бүхэн итгэхгүй бол өөрийн үнэмлэхээ гаргаад хараарай.

Ямар сонин юм бэ? Хүний нэрийг англиар бичсэн байж Монгол гэж үг байхгүй байхдаа яахав дээ гэж бодоод нилээд эргүүлэн тойруулан харсан чинь ард нь маш бүдгээр Монгол улсын газрын зураг мөн дээр нь MGL гэж бичсэн байлаа.

БИ: Тэгээд сандрахдаа энэ манай улсын газрын зураг байгаа юмаа, тэгээд энэ MGL гэдэг нь Монгол улсын товчилсон англи үсэг шүү дээ Officer-оо гэж хэллээ.

АЖИЛТАН: Уучлаарай, би танай улсын газрын зургийг яаж мэдэх билээ. Гэхдээ би MGL гэж улс манай санд бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаадахъя гэж хариуллаа. Хэсэг хугацааны дараа уучлаарай ийм улс алга та үүнийгээ элчин сайдын яамаараа баталгаажуулаад ирвэл таныг бид бүртгэж авахад бэлэн байна гэж хэллээ. Үгүй бол, та манай жолооны шалгалтыг өгөөд тэнцсэн нөхцөлд танд манай NSW мужид жолоо барих эрхийн үнэмлэх олгох болно гэж хэллээ. Ядаж байхад танай жолооны үнэмлэх энэ юм байна гээд бидний хуучин хэрэглэж байсан шар үнэмлэхийг хэвлэж харууллаа. За даа бараг би өөрөө энэ үнэмлэхийг хийчихсэн болж таарлаа.

БИ: Өө тиймээ энэ чинь бидний хуучин хэрэглэж байсан үнэмлэх байгаа юмаа. Миний энэ үнэмлэх бол шинээр гарч ирсэн хувилбар нь гэж хэллээ.

АЖИЛТАН: Тэгвэл бидний санд одоогоор бүртгэгдээгүй байна гэж хэллээ.

БИ: Танайх яаж бүртгэдэг юм бэ гэж асуувал албан ёсны вэб сайт дээрээ танайх тайлбартайгаар шинэ үнэмлэхний загвараа оруулсан байх ёстой. Бид түүнийг л үндэслэн таны шинэ үнэмлэхийг бүртгэх боломжтой гэлээ. Манай замын цагдаагийн вэб сайт дээр шинэ үнэмлэхний загвар одоог хүртэл байхгүй гэдгийг би баттай хэлнэ. Үнэндээ вэб гэхээсээ илүүтэй танилцуулах хуудас гэвэл зохилтой.www.trafficpolice.gov.mn. За ингээд бүр улс хоорондын асуудал болж хувирлаа.

Гэхдээ үнэхээр би энэ шинэ гарсан үнэмлэхийг анх хараад хуучнаасаа хавгүй дээр дажгүй болсон гэж дүгнэж байсан юм. Тэгсэн нарийн харвал үнэхээр инээд хүрмээр зүйлүүд дотор нь бичсэн байлаа. Ингээд жолооны үнэмлэхээ би өөрөө эргүүлж тойруулан харлаа. Үнэндээ инээд хүрээд савж унах дөхлөө. Тэрхэн зуур доорхи бодол надад төрөв.
• Энэ орчуулгыг согтуу юмуу эсвэл халамцуу бүр эсвэл их дураараа, хэнэггүй бас сахилгагүй хүн орчуулсан. Уучлаарай би яагаад ингэж хэлж байна гэвэл,
• Эхлээд их мундаг орчуулж байснаа, дундаас нь гэнэт англиар биш францаар бичмээр санагдаад биччихсэн,
• Тэгээд явж байснаа гэнэт дургүй нь хүрээд орчуулахаа больчихсон.
• Тэгээд жаахан байж байгаад орчуулаад дуусжээ. Хэхэхэ
• Бүр эсвэл энэ үнэмлэхийг замын цагдаагийн газрын хариуцсан ажилтан орчуулсан /Мэргэжлийн бус/

11063806_559767054127089_995731986448984348_n 10374022_559767057460422_8947047221270382935_nИнгэж дутуу хагас орчуулсан, орхисон, замбараагүй хийсэн үнэмлэхээ албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулж ирэх, мөн энэ жолооны үнэмлэхийг Монгол улсын жолооны үнэмлэх мөн гэсэн тодорхойлолт элчин сайдын яамнаасаа авч ирэх ажил гарлаа надад.

За ингээд орчуулганд $110 зарж, элчин сайдын яам руу шуудангаар илгээх бага зэрэг зардал гарч бас дээрээс нь багагүй хугацаа алдлаа хариу иртэл.

Шуудан илгээснээс хойш бараг 21 хоногийн дараа хамгийн инээдтэй нь манай элчин сайдын яамнаас надад ирсэн хариу нь “Элчин сайдын яам хувь хүнд тодорхойлолт өгдөггүй” гэсэн өөдгүй цаас ирлээ.

Ингээд өөрөө л гүйхээс өөр аргагүй болж, бусад Монгол хүмүүсийн жолооны үнэмлэхийг харьцуулсан мэдээлэл олж аргалахаас өөр аргагүй боллоо. За энэ нэг иймэрхүү эргээд жолооны үнэмлэх рүүгээ орьё.

Энэ үнэмлэхийг хаана хэрэглэж болох вэ? Нэг үгээр хэлбэл хаана хүчинтэй үйлчлэх вэ? Энэ асуултыг би Монгол улсын замын цагдаагийн газраасаа асуувал тэд Монгол улсад л хүчинтэй гэж хариулах байхаа.

Тэгвэл бид энэ үнэмлэх дээр яагаад хоёрдогч хэл оруулсан юм бол. Та бүхэн юу гэж бодож байна. Хэрэв сайн анзаарвал бидний хэрэглэж буй энэ жолооны үнэмлэх дээр 3 орны хэлээр бичиж 4 өөр үсгийн тэмдэг оруулсан байгааг анзаараарай.
1. Монгол хэлээр
2. Англи хэлээр
3. Франц хэлээр
4. Монгол хуучин бичгээр

Ингэж хүн ойлгохгүй үг үсэг алгын чинээ карт нь дээр оруулах хэрэг байсан юм уу. Миний ойлгосноор бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчинтэй юм бол зөвхөн Монгол хэлээрээ л бичиж болохгүй байсан гэж үү. Бид юмыг дуурайж болноо гэхдээ учиртай дуурайж хуулна шүү.

Бусад орны жолооны үнэмлэхийг хараарай бараг бүгд өөр өөрийн улсын бичгээр бичсэн байгаа. Гэхдээ яахав ганц нэг холбоотон улсуудын хооронд нэг үнэмлэх хэрэглэх тохиолдол байна. Энэ нь хэл нэгтэй улсуудын хооронд.

Гэтэл манай үнэмлэх олон улсын үнэмлэх биш учир Монголоороо л бичвэл барав. Хамгийн инээдтэй нь юу гэвэл энэ Монгол улсын одоо хэрэглэгдэж буй жолооны үнэмлэхийг хийхэд орчуулсан хүн согтуу байсан бололтой. Гэхдээ намайг уучлаарай согтуу байгаагүй ч гэсэн хариуцсан мэргэжилтэн туйлын хариуцлагагүй хандсаныг би зураг дээр тайлбарласан байгаа.

Бас болоогүй ээ англи хэлтэй орчуулагчийн дэргэд бас Франц хэлтэй нэг хүн зогсож байсан бололтой. Энэ үнэмлэхний ард талд байгаа “PERMIS DE CONDUIRE” гэж бичсэн үг бол Монголоор “ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ” гэсэн үг юм билээ. Үүнээс өөр франц үг дахин байхгүй. Энэ үгийг яах гэж бичсэнийг би үнэхээр ойлгоогүй. Эсвэл Монголд ирсэн Франц жуулчдад зориулсан үг юм болов уу. Ойлгомжгүй ээ.

Хэрэв энэ үгийг яагаад оруулсныг мэдэх хүн байвал учрыг нь тайлбарлаарай. Мөн гадаад орны жолооны үнэмлэх дээр ихэвчлэн үнэмлэх эзэмшигчийн амьдарч буй гэрийн хаягийг заавал оруулсан байдаг юм билээ. Гэхдээ энэ нь жолооны үнэмлэх гадаад орнуудад бараг иргэний үнэмлэхээс хүчтэй бичиг баримт байдаг тул хаяг оруулдаг байх л даа.

Эцэст нь бид хэрэглэж буй бичиг баримтаа заавал гадны хэлээр бичих хэрэг байна уу. Хэрэв байгаа бол түүнийг ном журмаар нь орчуулчих орчуулагч мэргэжилтэн манай улсад хангалттай байгаа байлгүй дээ. Бид бас бодмоор шүү.

Гол учир нь хүний нутагт тусалж дэмжих, мэдэхгүйг мэдүүлээд өгөх, заагаад зааварлаад өгөх, тулгарсан асуудлыг шийдээд өгөх хүн, намайг гэх газар хамгийн их хэрэг болдог юм билээ шүү залуучуудаа. Тиймээс мэдээд авъя, мэдээд авсан бол мэдээгүй нэгэндээ хэлээд өгвөл цаг, мөнгө, сэтгэл санаагаараа хохирол амсахгүй бизээ. Бид нэг нэгэндээ туслахгүй бол бидэнд хэн туслах билээ дээ хүмүүсээ.

Санал бичсэн,

Ч.Амарлхагва

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …