Энэ оны 7-р сарын 25-аас 8-р сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадамд Монгол улсаас 14 тамирчин оролцох гэж байна. Энэ Наадамд оролцох дэлхийн 177 орны 7000 тамирчин дасгалжуулагч нарын дотор Монголын тамирчид гүйлт, бөөрөнцөг шидэлт, ширээний теннис, жүдо гэсэн 4 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
Тусгай Олимп бол оюуны бэрхшээлтэй тамирчдын дунд зохион байгуулагддаг олон улсын томоохон тэмцээн бѳгѳѳд 1968 оноос 2 жил тутамд өвөл, зуны олимп ээлжлэн явагдаж иржээ. Манай орон Тусгай Олимпийн хөдөлгөөнд 2013 онд элсэн орж, 2014 онд Тусгай Олимпийн Үндэсний Анхдугаар Их Наадмыг зохион байгуулж, тус тэмцээнээс 14 тамирчин шалгарч Дэлхийн Олимпийн Наадамд оролцохоор болсон юм.
Монголын Аутизмын Холбоо манай оюуны бэрхшээлтэй тамирчдын бэлтгэл хийх орчин нѳхцѳл, хангамж дутмаг байгааг харгалзан Японы Ширээний теннисний Холбоонд хүсэлт тавьсны үндсэн дээр Японы Sport for Tomorrow нийгэмлэгээс зохион байгуулан Монголын ширээний теннисний баг тамирчдыг дэмжихээр болсон юм. Ингээд Японы Аsics компани манай ширээний теннисний багийн (4 тамирчин, 1 дасгалжуулагч багш) хувцсыг ивээн тэтгэж бүрэн хангахаар болсон ба Японы Ширээний Теннисний Холбоо (Japan Table Tennis Association) Тусгай Олимпод одоо болон ирээдүйд оролцох Монголын тамирчдад зориулан 4 ширээг бусад хэрэгслийн хамт бэлэглэсэн юм.
Дээрх тусламжийг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай дунд сургуульд болж, Монголын Аутизмын Холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл Японоос ирсэн хандивыг Монголын Тусгай Олимпийн Хорооны дарга П.Болормаад гардуулж өглөө. Монголын Тусгай Олимпийн Хороо Японоос ирсэн хэрэгслүүдийг тусгай сургуулиудын сурагчдын бэлтгэл сургуулилалт хийхэд зориулж ашиглах болно. Хандивыг гардуулах ёслолд Дэлхийн Тусгай Олимпод оролцох Монголын ширээний теннисний баг тамирчид, 25 дугаар сургуулийн захирал Гэрэлмаа, 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, 63 дугаар сургуулийн захирал Эрдэнэбаатар нараас гадна тусгай Олимпод бусад төрлөөр оролцох тамирчдын төлөөлөл эцэг эхийн хамт оролцлоо.
Монгол улсын хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол олгодог 4 сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулийн сурагчид цаашдаа ширээний теннисээр хичээллэж, бие бялдраа хөгжүүлээд зогсохгүй үндэсний ба олон улсын хэжээний тэмцээнүүдэд оролцох бэлтгэл хангах нөхцөлсбүрдэж байгаа юм. Японы ард тvмний сайхан сэтгэл Монгол дахь Тусгай Олимпийн хөдөлгөөнийг дэмжих төдийгүй оюуны бэрхшээлтэй тамирчдын ирээдүйг гэрэл гэгээтэй болгож урам зориг өгөх нь дамжиггүй .
Эх сурвалж: www.unen.mn