Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны хагас жилийн мэдээ, тайланг хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг өчигдөр буюу 2015 оны 7-р сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо, Шүүхийн захиргааны хэлтэс болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ажилтнууд, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн шүүн таслах ажиллагааны тайланг хариуцсан гаргасан ажилтан, ахлах реферэнт, Улаанбаатар хот дахь анхан шатны шүүхүүдийн тамгын газрын дарга нар, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын дарга нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Дүүргийн иргэний 1, 2 дугаар шүүх, Дүүргийн эрүүгийн 1, 2 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 6, 13, 20, Сум дундын 7, 14 дугээр шүүхүүдийн хагас жилийн тайлан, мэдээг тамгын газрын дарга нар танилцууллаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ танилцуулсан бол Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах реферэнт С.Билгүүн Монгол Улсын анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ болон түүнд хийсэн дүн шинжилгээг танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал солилцож, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ийм хэлэлцүүлгийг эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнан зохион байгуулж байх, Тамгын газрын дарга нарт шүүн таслах ажиллагааны тоон мэдээг зохих хугацаандаа багтаан зөв гаргаж хэвшихийг, тэдгээрийг бүрэн уншин ойлгож өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, Шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, тайланг тухайн шүүхийн шүүгч нарт тогтмол хугацаанд танилцуулж хэвшихийг анхааруулав.
Та шүүхүүдийн тайланг татаж авахыг хүсвэл энд дарж татаж авна уу.
Шүүхийн захиргааны удирдлагын газар