Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан азаргануудын түрүү магнайд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар хар азарга торгон жолоогоо өргүүлсэн билээ. Г.Тэмүүлэнгийн хар азарганы тухайд хурдан морины уралдааны комисс эрлийз хэмээн хассан байсан ч уралдаан болохын өмнөхөн хар азаргыг уралдуулахаар болж, гарааны зурхай руу хөдөлсөн морьдын араас явуулсан тухай үед мэдээлэл наадмын өдрүүдэд цацагдаж байв.
Түүнчлэн Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч, уяач Л.Цандэлэг энэ талаар “Миний соёмбо хүрний төл азаргыг хасаад баахан эрлийзүүд давхиулж наадам бусниуллаа. Монголын төр” хэмээн жиргэж байсан юм.
Тэгвэл Дундговь аймгийн уяачдын холбооны дарга, Монгол Улсын алдарт уяач Ц.Ганхүү дээрх асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Г.Тэмүүлэнгийн томоос том тэмдэгтэй, ард түмэн цөм мэддэг эрлийз халтар азарга хоёр дахь жилдээ монгол адуутай уралдаад түрүүллээ. Хэн нь ч наадмын журмаа дагаад хассангүй. Яагаад ингэж шударга бус байна вэ. Жирийн уяачдын морийг хасчихаад яахаараа дарга, баячуудын морийг хасдаггүй юм бэ гэж яриад ч нэмэр болсонгүй. Бүгд л ус балгацан аятай байсан. Комисс шийдвэрээ дагасан бол ийм асуудал гарахгүй шүү дээ.
Гэтэл Г.Тэмүүлэнгийн хар азаргыг болохоор Үндэсний их баяр наадмын комиссын дарга У.Хүрэлсүх уралдуул гэж шахсаар байгаад мордуулсан гэж байна билээ. Уг нь шинэ журмыг сонссон олон арван уяач тэр хаа холын Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс морьдоо ачиж, хөрөнгө мөнгөө зарцуулж ирж уралдаад хулхидуулчихлаа. Дарамт шахалт байдаг л байх. Гэхдээ морины комиссынхон шударга байж чадсангүй” хэмээн Үндэсний мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эх сурвалж: time.mn