Б.Эрдэнэбат: Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдчихсан. Ямар ч найдвар байхгүй

25f2qpjd8bka994q4mkun4n7l0_lМонголын Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаттай “Өдрийн сонин”-ы сэтгүүлч ярилцсаныг товчлон хүргэж байна.

-Танай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болсон гэж дууллаа. Ургац хэцүүхэн байгаа талаар ярьцгаав уу?

-Хурал 7-р сарын 21-нд боллоо. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна.

-Улсын хэмжээнд ургацынхаа хэчнээн хувийг алдчихаад байна вэ?

– Ная орчим хувиа алдчихсан. Ямар ч найдвар байхгүй.

-Цочирдмоор тоо байна. Иймдээ тулчихаад байхад засгийн түвшинд дуугүй суумааргүй санагдах юм?

-Үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. ОХУ гэхэд 6 дугаар сарын 10-даар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна.

-Наадмаас хойш багагүй хур орж байгаа. Сэргэх найдвар үнэхээр алга уу?

-Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй.

-Ургац гайгүй авчихаар хэсэг хаагуур байна?

-Үнэнийг хэлэхэд зүүн бүсийн Халх голын хэдэн сумд жаахан тариатай байна. Булганы арын хэсэг бага зэрэг, Сэлэнгийн хойд буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр хоосонгүй. Төв аймаг маш хүнд байгаа. Сая дурдсан газраас өөр тариа авчихаар хэсэг алга.

-Тариаланчид хэчнээн төгрөгөө газар булаад алдчихаж байна вэ?

-Техник худалдан авалтын зардлыг оруулахгүйгээр зөвхөн бордоо, түлш, цалин гээд урсгал зардлыг тооцоход л 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Булганы Хутаг-Өндөр сумаас эхлээд тарьсан талбайдаа уринш хийгээд эхэлчихлээ. Юу ч авахгүй нь гээд ирэх жилдээ бэлдэж эхэлсэн гэсэн үг.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулаад ургацаа авч үлдэх боломж байгаагүй хэрэг үү?

-Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан. Хавар Дорнодод гарсан түймэрт байгаа сумныхаа 80 хувийг зарцуулсан. Үлдсэн сумнуудаа бүр болохоо болилоо гээд 6 дугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгууд руу татсан. Харамсалтай нь 5, 6 дугаар сарын эхээр их хэмжээний масс үүлийг алдсан. Яг манайхтай адил гантай Орос, Хятад хоёр ургацынхаа 20-25% алдаж байна. Гэтэл манайх 80% алдаж байна гэдэг бодох л асуудал.

-Үүлэнд нөлөөлөөд бороо оруулж эхэлсэн юм байна. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй нь үү?

– Сүүлийн үед үүлэнд нөлөөлж бороо оруулаад байна л даа. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх учиртай. Салхины чиг энэ тэрээ маш зөв тооцоолохгүй бол үр дүнгүй болчихдог. Сүүлд гэхэд Төв аймагт үүл буудахад Улаанбаатарт бороо орох жишээний. Өмнө нь байсан хүмүүсийг тэр чигт нь сольсон. Одоо бол маш хариуцлагагүй улс буудаж байна.

-Тариаланчид лав л хаврын тариалалт хүртэл буудайгаа борлуулж чадахгүй байна гэцгээсэн. Тэгэхээр буудайн нөөц байгаа гэж ойлгож болох уу?

-Түрүү жил буудай маш их байсан нь үнэн. 17 жилийн түүхэнд аваагүй өндөр ургац хураасан. Яамандаа “Аж ахуйн нэгжүүдэд байгаа буудайг улсын нөөцөнд авчихвал алсдаа хэрэгтэй” гэж хэлсэн. Том гүрнүүд шиг дөрөв, таваар нь байг гэхэд ядаж нэг жилийн нөөцтэй байх учиртай. Гэтэл яам тоогоогүй. Нөөцгүй улс ямар байдгийг хүмүүс энэ намар л мэдэрнэ. Эхнээсээ ийш тийшээ буудай, гуриланд явж байна. Түрүү жил аж ахуйн нэгжүүдэд байсан буудай спирт рүү явсан. Жар, далан мянган тонн буудайтай байснаа спиртийнхэнд зарсан нь үнэн. Гэтэл өнөөдөр Тариаланг дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Ядаж 100 мянган тонныг нөөцөлсөн бол энэ жилийн ургацтай залгаад гал алдчихгүй байсан. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан. 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна.

-Байдал хэцүүдчихлээ шүү гэж Засгийн газарт албан ёсоор хандсан уу?

-Яам руугаа байнга л хандаж байна. Бэлгэгүй юм ярилаа, сайн сайхан юм бод гэсэн юм л өөдөөс ярьдаг.

-Усалгаатай тариалан л хөгжүүлмээр юм байна даа?

-Санал нэг байна. Монгол гол мөрөн ихтэй. Гадагшаа гараад явчихдаг усаа хөрсөнд нь шингээж ашиглаж авч үлдэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ядаж 50 мянган га талбай усалгаатай байсан бол бид огт өөр юм яриад суух байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил усалгаатай тариалан шиг хэрэггүй юм байхаа больсон. Усалгаатай тариалан эрхэлдэг улсаас усны төлбөр гэж дааж давшгүй их мөнгө нэхдэг. Ингээд бүгд татвар дээр асуудалтай болсон.

-Циклээрээ ган болсон гэж та хэллээ. Ирэх жил яах бол, гангийн давтамж гэж байх уу?

-Гангийн давтамж гэж бий. Хоёроос гурван жил гэж ярьдаг. Ирэх жил хүнд байна. Тийм учраас тариалангийн компаниуд тариалалтаа их хэмжээгээр багасгана.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …