Жил жилийн наадмын тасалбар борлуулалт араасаа хэл ам дагуулдаг. Тухайлбал, суудалын дагуу суух боломжгүй байгаа тухай, шагийн үнээр зарагдаж байгаа тухай, хуурамч тасалбар худалдаалагдсан тухай, цагдаа нар тасалбаргүй хүмүүсийг цэнгэлдэхэд оруулсан тухай яриа тасардаггүй. Харин энэ жилийн тухайд наадам хараахан эхлээгүй байхад наадмын тасалбар худалдан авахын төлөө хүмүүс хонон өнжин дугаарлаж байгаа гэнэ. Энэ жилийн наадмын тасалбарын борлуулалтыг наадам зохион байгуулах комисс шагийн үнээр борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор, өөрсдөө хариуцан цагдаагийн хяналт, харуул хамгаалалтанд дор борлуулж, нэг хүнд 2-4 тасалбараас илүү худалдаалахгүй байгаа гэнэ.
Наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдах юм байна.
А.Тамир