Монгол Улсад хепатитийн халдвартай 150 мянга гаруй хүн байгаагаас 50 мянга орчим нь яаралтай эмчилгээнд орох шаардлагатай гэсэн судалгаа бий. Энэ нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд ноцтой тоо гэдгийг олон улсын мэргэжилтэнүүд хэлж буй юм. Тиймээс манай улсад элэгний С вирусийн эсрэг харвони эмийг онцгой хямдралтайгаар оруулж ирэхээр болсон билээ. Уг эм нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.долларын үнэтэй байдаг. Харин Монголд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 98 хувиар хөнгөлөн 1200 ам.доллараар худалдаалах юм. Энэ эмийг аравдугаар сарын дундуур Монголд албан ёсоор оруулж ирнэ. Энэ хугацаанд элэгний С вирустэй иргэдийг үе шаттайгаар бүртгэж, эмийг олгох юм. Тиймээс иргэд одооноос харьяа Эрүүл мэндийн төвдөө хандаж, эхний шинжилгээг хийлгэх боломжтой. Энэ шинжилгээний үнэ 160 мянган төгрөг бөгөөд улсаас шинжилгээний үнийг хөнгөлөх боломжгүй ажээ. Иргэд С вирусээ итгэмжлэгдсэн лабораторид тоолуулах шаардлагатай. Одоогоор ХӨСҮТ-д С вирус тоолох есөн лабортори хүсэлтээ ирүүлжээ. Дээрх эмийг үе шаттайгаар оруулж ирснээр элэгний С вирустэй иргэдийг эмчлэх боломж нээгдэнэ. Цаашлаад 2030 он гэхэд манай улс элэгний С вирусээс ангижирсан орон болно гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байгаа юм.
www.unen.mn