Нийслэлд Польш улсаас цахилгаан автобус нийлүүлэх тал дээр хамтран ажиллана

da0ffde8d58d55ef9ba2be04b0d86078Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Польш улсаас  Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Польшийн компаниудтай хамтарч ажиллах, нийслэлд зоопарк байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын яамыг дахин сэргээн нээх гэж байгаад таатай байна. Та бүхнийг найрсагаар хүлээн авах болно. Нийслэлийн хөгжилд Польшийн хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа чухал шаардлагатай байгаа юм” гэлээ.

Элчин сайд Михал Лабенда “Польш улс Улаанбаатар хоттой хамтран ажиллахдааа таатай байх болно. Бидний зүгээс нийслэлд зоопарк байгуулах, цахилгаан автобус нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа 2016 он гэхэд дуусна. Бид 2500 автобус шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Беларусь улсаас угсраа автобус нийлүүлж, ирэх сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд троллейбус нэмэгдүүлэх, шатахуун хэмнэж цахилгаан автобус сонгох нь чухал. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн танай улсын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зоопарк байгуулах асуудал бол маш сонирхолтой санагдаж байна. Зоопарк байгуулахдаа манай талаас хөрөнгө оруулж, Польшийн хөнгөлттэй зээлийн хүрээнд төслийн нэгж байгуулж, хамтран ажиллах бололцоотой. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга АНУ – ын Азийн сангийн хөтөлбөр хариуцсан Тэргүүн дэд Ерөнхийлөгч Гордон Хэйнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд ноён Гордон Хэйн “1992 онд Улаанбаатар хотод анхны айлчалаа хийж байсан. Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхт 25 жилийн ойг тохиолдуулан нийслэлд ирсэн. Та бол ардчилсан хөдөлгөөнийг удирдаж явсан хүмүүсийн нэг. Тантай уулзсандаа баяртай байна. Азийн сан нь Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байдаг. Бидний хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын амьдрах орчны зураглал, иргэдийн оролцоотой газрын зураглал, эрүүл аюулгүй байдлын индекс нь маш чухал ажил болж чадсан. Үүнд иргэд маш талархалтай хандаж байгаа. Засаг захиргаа иргэдтэйгээ хамтран ажиллаж байгаа явдал үр дүнтэй болж байна” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Азийн сангийнхан Улаанбаатар хотод хэрэгтэй байгаа зүйлийг олж харж, хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад таатай байдаг. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа таван том төсөл хөтөлбөр цаг үеэ олсон чухал ажлууд юм.  Монгол Улсын түүхэнд анх удаа Налайх дүүрэгт хот байгуулж, иргэд өөрсдөө Захирагчаа сонгосон. Цаашид Налайхыг хөгжүүүлэх, Та бүхний дэмжлэгтэйгээр ардчиллыг шинэ шатанд оруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Ноён Гордон Хэйн Улаанбаатар хоттой хамтран ажилладагтаа үргэлж таатай байдаг аа илэрхийлж, цаашид  хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээ уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …