Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа.
“Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан дээрх төслийн зургийн даалгаврыг батлахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын харилцаатай холбоотой үүссэн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“АВТО МАШИНГҮЙ” ГУДАМЖ ТӨСӨЛД ХАМРАГДАХ
ГУДАМЖНУУДЫН ХАЯГ, БАЙРШИЛ
ГУДАМЖНУУДЫН ХАЯГ, БАЙРШИЛ
Д/д | Гудамжны нэр | Хаяг | Байршил |
1 | Ц.Жигжиджавын гудамж | Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо | Төв шуудангийн зүүн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байрны дундуур гарч авто замтай холбогдох |
2 | Ц.Жигжиджавын гудамж | Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо | Төв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл |
3 | Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн | Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо | Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл |
4 | Авто зам, зогсоол | Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо | Жуулчины гудамж, Голомт банк болон Асашёорюүгийн цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хууль зүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын баруун талаар явж, Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50 дугаар байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын замтай нийлнэ. |