“Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын хөнгөн атлетикийн 100 метрт хурд сорьсон манай ойрын зайн гүйгч Б.Ачитбилэг 10,71 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг 27 жилийн дараа шинэчилсэн юм. 1986 онд өдгөө Спортын Бэлтгэлийн төвийн дэд даргын алба хашиж буй Ц.Одонбаяр 10,76 үзүүлэлтээр улсын рекорд тогтоосон нь удаан жил ноёрхсон юм. Яг тэр жил Ачитбилэг төрсөн аж. Өнөөдөр Монголын хамгийн хурдан хүн 200 м-т уралдана.
Бүстэй барилдаанчид медаль нэмсээр
Бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал, Д.Анар нар алт, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 66 кг-д С.Энхчимэг гуравдугаар байр эзэлж, медалийн тоог нэмсэн. Энэ жинд медаль хүртсэн тамирчдын шагналыг Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баясгалан гардуулсан юм. Мөн Д.Мөнхтуяа хүрэл медалийн болзол хангасан.