Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од” – оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтыг Чингисийн талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчид, Монголын рок, попын алдартнууд, хамтлаг, дуучдын төлөөлөл, нийслэлийн иргэд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энд хуран цугласан Та бүхний энэ оройны амар амгаланг ирэн мэндчилье. Энэхүү тоглолтыг үзэхээр Чех Улсын Парламентын Доод танхимын төлөөлөгчид ирсэн байгааг дуулгах нь зүйтэй байх. Өнөөгийн Улаанбаатар хотын хөгжилд Чех Улсын оруулсан хувь нэмэр их гэдгийг хэлэхэд таатай байна. Жил бүрийн яг энэ өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүст “Алдрын од” тэмдгийг олгож, Соёлын төв өргөөний урд талд дурсгалын самбар байрлуулж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ өдөр бол Монгол Улсад анхны Ардчилсан сонгууль болж, Монголчууд бид бүрэн эрхээ олж авсан өдөр гэдгийг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэ эрх чөлөөгөө олж авахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол рок, поп салбарынхан юм. Тийм учраас бид Та бүхэнд зориуд хүндэтгэл илэрхийлж байгаадаа баяртай байна” гэдгийг онцлон хэллээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хорин хамтлаг, дуучин оролцож, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн эртний дуунуудаар үзэгчиддээ бэлэг барилаа. Тоглолтын төгсгөлд тус хамтлагт “Хонхны дуу” цомыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардуулав. Тэрээр цом гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Алдрын од”-ын самбарыг нээж өгч байх үед Соёлын төв өргөөний магнай дээр солонго татсан юм. Үүнийг тэнд байсан бүх хүн харсан. Солонго татаж байх үед тэнгэрийн орноос тус хамтлагийн ууган гишүүд болох Б.Баяр, Д.Галсанбат, Б.Нандинцэцэг, Д.Дамдинсүрэн, С.Цогтсайхан нар мэндэлсэн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Би энэхүү солонго руу хараад зогсож байхдаа биднийг эрх чөлөө рүү хөтөлж чадсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхандаа хандаад Та нарынхаа итгэл найдварыг эвдээгүй шүү гэдгийг хэлсэн. Ингээд жил бүр энэхүү үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулна гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэлээ.
Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллалаа.