Монгол Улсын төрөөс хүн амын өсөлтийг дэмжих, олуулаа болох хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй цаг үетэй давхцан хүн ам зүйн статистикийн тооцооллоор 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол улсын Гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 6-р хороонд оршин суух Монгол Улсын иргэн Жаргалсайхан овогтой Даваасүрэнгийн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутад мэндэлсэн хүү Золбаяр нь Монгол улсын Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнаар тодорч, 70 сая төгрөгний мөнгөн шагналаар шагнаж алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Иргэдийн хурлын тэргүүлэгч О.Батхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл, 6-р хорооны Засаг дарга Г.Золбаяр болон бусад хэлтэс албадын дарга нар оролцлоо.