Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.04/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжсэн ажээ.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн нар малчдын гар дээрх бууны асуудлыг хэрхэн зохицуулж байгаа, иргэдийн гар дээрх ангийн бууны гол төмрийг цоолж, ажиллагаагүй болгох тухай яригдаж байсан асуудалд төсөлд хэрхэн туссаныг тодруулсан юм. Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, малчдын гар дээр буй бууг бүртгэлд хамруулан, хууль ёсны болгон үлдээж, эд хөрөнгө, малаа зэрлэг амьтдаас хамгаалах эрхийг нь хуулиар нээж өгөхөөр тусгасан байна. Түүнчлэн иргэдийн гар дээр буй бууны гол төмрийг цоолж, ажиллагаагүй болгох асуудал байхгүй хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм.
Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараагийн асуудал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хаалттай горимоор хэлэлцэж байна. Үүний дараа Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.