Өмнөх Засгийн газрын үед явуулсан бодлогын хүрээнд хэрэгжиж эхэлсэн “Эрүүдэн шүүх сандал”-ыг аймаг, орон нутгийн цагдаагийн газруудад тараагаад байгаа билээ. Гаалийн агуулахад хадгалагдаж байгаад аймгийн цагдаагийн газруудад тараагдсан мөрдөн байцаалтын тусгай сандлуудыг ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очирыг худалдаж авсан гэх яриа байгаа юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Бүх сандлыг аймгуудаас буцаан татаж, ийм шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан” гэв. Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үйлдээгүй ч бай аливаа нэг иргэнийг тусгай сандал ашиглан байцаалт явуулах нь Эрүү шүүлтийн конвенцийг зөрчиж байгаагаас гадна Монгол Улс Олон Улсын өмнө хүлээсэн үүргээ илт зөрчиж байгаа үйлдэл юм. Тиймээс энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээс тодрууллаа.
Цагдаагийн газруудад цахилгаан сандал тараалаа. Үүнийг хэрэглэснээр хүний эрх зөрчигдөх үү?
Цахилгаан сандал биш төмөр сандал.
Энэ сандлыг хэрэг хүлээлгэхэд ашигладаг уу?
- Байцаалт авахад хэрэглэх сандал байгаа юм.
Энэ сандлыг хэрэглэх нь Эрүү шүүлтийн конвенцийг зөрчиж байгаа юу?
Эрүү шүүлтийн конвенцийг шууд зөрчиж байгаа.
Хүний эрхийн комиссоос хориглосоор байтал яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бол? Бодлогын хувьд уялдахгүй байгаа юм биш үү?
Хууль зүйн яам ерөөсөө мэдэхгүй байсан шд. Мэдэгдэхгүй байж байгаад саяхан манай бичгийг очсоны дараа мэдсэн юм шиг байна лээ.
Танай зүгээс бичиг хүргүүлсэн гэлээ. Ямар утга агуулгатай бичиг байсан юм бэ?
- Яахийн аргагүй эрүү шүүлтийн конвенцийг зөрчиж байна. Олон Улсын гэрээ конвенцын өмнө хүлээсэн үүргээсээ ухралт хийж байна. Тийм учраас үүнийгээ яаралтай таслан зогсоож, холбогдох хүмүүст нь хариуцлага тооц гэсэн утгатай юм бичиж явуулсан.
Энэ сандлын түгээлт нь хаана, яаж түгээгдэж байгаа вэ?
Ерөөсөө бүх аймгуудад л өгч байгаа. Гэхдээ хэрэглээгүй байгаа байхгүй юу.
Танай зүгээс эхлэхээс нь өмнө зөвлөмж, сануулга өгчихсөн юм байна тийм үү?
Тийм би өөрөө албан бичиг явуулсан.
Хэрэглэж эхэлбэл хүний эрх ноцтой зөрчигдөх нь тодорхой биз дээ?
Энэ асуудал энэ Засгийн үед биш өмнөх Засгийн газрын үед явуулсан юм билээ. Манай зүгээс үүргийнхээ дагуу энэ сандлыг огт хэрэглэж болохгүй гэсэн албан бичиг өгсөн. Ер нь бол одоогоор хэрэглүүлэхгүй байгаа юм билээ.
Эх сурвалж: www.aravt.mn