Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалж байна

af9594_BreastfeedingInPublic-880x400_x800Жил бүрийн наймдугаар дугаар сарын эхний долоо хоногт  “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг  Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэгуламжлалтай. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийн зорилго нь ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа юм.

Монгол Улс 1992 оноос хойш “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг үндэсний түвшинд зохион байгуулж ирсэн ба энэ сарын 4-ний өдөр “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

Үүнд:

  • “Монгол Улсын хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын байдал”
  • Ажил хөдөлмөр эрхэлж буй эхчүүдэд дэмжлэг үзүүлж байгаа сайн туршлага бүхий 5 байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл солицох, туршлага хуваалцах чөлөөт хэлэлцүүлэг уулзалтыгзохион байгуулж, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах

Монгол Улсын хүүхдийг эхийн сүүгээр хооллохүзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь хүртэл буурсан байна. Энэхүү бууралт нь олон шалтгаантай бөгөөд гэр бүл болон байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг сул, эхийн сүү орлуулагч сүүн тэжээлийн импорт, сурталчилгаа нэмэгдсэн, ядуурлын түвшин буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа богино хугацаанд ажилдаа эргэн орход хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хуулиар 6 сар хүртэлх насны эсвэл нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй ажил эрхэлж буй эхчүүд болон ганц бие эцэг хүүхдээ хооллох, асрахад зориулан 2 цагийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд үүнийг ажилласан цагт оруулан тооцох ёстой байдаг. Хуулийн эдгээр заалтыг ажил олгогч нар төдийгүй эхчүүд өөрсдөө ч сайн мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна.

Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагууд хамтран ажил олгогч нарт хандан хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж “УРИАЛГА” гаргаж байна.


Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, эхэд ээлтэй ажлын байр бий болгоход ажил олгогчдын зүгээс дараах үүргийг хүлээнэ.

Үүнд:

  • Эхчүүдэд жирэмсний болон амаржсаны 4 сарын цалинтай чөлөө олгох
  • Ажил эрхэлж буй 6 сар хүртэлх сартай хүүхэдтэй эхчүүдэд өдөр бүр 2 цаг, 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд 1-ээс доошгүй цагийн цалинтай чөлөө олгож, хүүхдээ хөхүүлэх боломжоор хангах
  • Амаржсан эхчүүдийн ажлын байрыг баталгаатай хадгалах, чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн авах
  • Ажлын байрандаа эхчүүд хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах, саасан сүүгээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй, тохилог орчин буюу “тусгай өрөө” байгуулах
  • Ажилчдын хүүхдэд зориулсан ясли, цэцэрлэг бий болгоход анхаарч ажиллах

Ажлын байранд эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь олон талын ач холбогдолтой. Үүнд:

Гэр бүлд:

  • Эх, хүүхэд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна.
  • Эхчүүд хүүхэдтэйгээ хамт байж, төрсний дараа бие нь амархан тэнхэрч, ажлын байр, цалин орлого нь баталгаатай болж, эрүүл мэндийн дэмжлэг авна.
  • Эрэгтэйчүүд хүүхдээ асрахын тулд  ажлаас чөлөө авах эрх нь тэгш, хүртээмжтэй болно.

Ажил олгогчдод:

  • Ажлаас чөлөө авах тохиолдол буурна. Эхийн сүүгээр хооллож байгаа хүүхэд өвдөх нь 14 дахин бага байдаг тул,  ажил эрхэлдэг эхчүүдийн ажлаас чөлөө авах тохиолдол багасна.
  • Хүний нөөцийн тогтвортой, үнэнч байдал сайжирна. Эмэгтэй ажилчдаа хүүхдээ хөхүүлэх нөхцөл, боломжоор хангасан байгууллагад ажлаас халагдах тохиолдол бага байдаг тул шинээр ажилтан авах сонгон шалгаруулалт хийх, сургах зардлыг хэмнэдэг байна.

Улс, оронд:

  • Улсын хэмжээнд нялхас, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна: “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хөтөлбөрийн  хөрөнгө оруулалт ба өгөөж 1:3 харьцаатай байдаг”.
  • Эмэгтэй ажилтан, ажилчид болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм  хүмүүнлэг болж, хүний нөөц, материаллаг баялаг, эдийн засгийн байдал сайжирна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …