Улсын төв Гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, их эмч З.Ганбаатар, Н.Баатаржан нар БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол Улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийжээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийдэг давуу талтай аж.
Цаашид манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийх бүрэн боломжтой юм. Уг хагалгааг гаднын улсад хийлгэвэл 30-100 мянган ам.долларын үнэтэй байдаг. Харин өвчтөн Монголдоо 2-3 дахин хямд өртгөөр мэс засал хийлгэх боломж ийнхүү бүрдлээ.
Гавлын ясыг нээж хагалгаа хийхэд хүндрэл их гардаг бол нээхгүйгээр мэс засал хийснээр ямар ч эрсдэлгүйн дээр төгс эдгэрдэг аж. Монгол Улсад жилд 50 гаруй хүн энэ төрлийн мэс засал хийлгэх шаардлагатай болдог ч гадаад улс орныг зорихоос өөр аргагүйд хүрдэг байсан бол манай эмч нар энэ эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар цаашид иргэд эх орондоо эмчлүүлэх боломжтой болж байна.