ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм.
Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Дэлхий нийтээр органик, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед манай улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь дэлхийн гуравдагч том эдийн засагтай орон болох Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, тусламж авдаг орноос түншлэгч, хамтрагч улс орон болох боломж бүрдэж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн энэ сарын 7-нд ХХААЯ-наас хоёр орны “Бизнес форум”-ыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд Японы талаас хүнс, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн зөвлөгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлэгийн тоног, төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл зэрэг чиглэлээр аж ахуйн нэгжүүд оролцох юм.