Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг 2015 оны 06 дугаар сарын 7 – ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК – ийн захирал Р.Хайдав, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих, өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.
Нэгдүгээр үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж, шинэчлэл, өргөтгөлийн ажил хийв. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийсэн тул хугацаанаас нь өмнө буюу 06 сарын 21-ний өдөр дуусгасан.
Хоёрдугаар үе: Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзвар хүртэл замыг 2015 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хааж, дулааны шугам хоолой өргөтгөн шинэчлэх ажил гүйцэтгэлээ.
Гуравдугаар үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун дөрвөн зам хүртэлх шугам, хоолой өргөтгөх ажил 2015 оны 07 дугаар сарын 13-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний өдөр дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14 цагаас автомашины хөдөлгөөн саадгүй зорчиж эхэллээ.
Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны санхүүжүүлтээр, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд” ХХК-уудын түншлэл хийж гүйцэтгэв гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.