Наадмын дараа намар гэдэг. Энэ үед хадлан бордоо, тариалалт, өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаж авахгүй бол ширүүн өвөлд “бүдрэх” үе бий. Гэтэл улс төрчид зөвхөн сандал, суудлын асуудлыг шийдэхийн тулд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, нэг нэгэндээ бичиг цаас шидэлцэн, олон толгойтой “мангас” шиг ийш тийш зүтгэн тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна.
Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчид зөвшилцөх тухай санал хүргүүлсэн. Энэ нь Засгийн газрын 6 гишүүн буюу МАН-ын 6 сайд юм.
“АН МАН хооронд 2014 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь АН-ын бүлэг болон АН-ын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэсэн. Энэ гэрээг нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Дуламсүрэнгийн Оюунхорол, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Дамдины Цогтбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Намхайн Төмөрхүү, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Содномын Чинзориг нарыг үүрэгт ажлаас огцруулах саналыг зөвшилцөхөөр Танд үүгээр хүргүүлж байна” гэжээ.
Тэгвэл эл зөвшилцөх саналыг хариуг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр мэдэгдлээ.
Төрийн тэргүүний өгсөн хариу бичигт “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Ардчилсан намын дарга З.Энхболд “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийг МАН-ын даргад хүргүүлсэн бол хариуд хамтарч байгуулсан гэрээг хамтдаа бодитойгоор дүгнэж, тайлагнах нь зүйд нийцнэ гэжээ.
Энэ мэт төрийн өндөрлөгүүд, төрийн тэргүүнд буй нам эвслүүд хоорондоо 6 сайдаа хэвээр үлдээнэ, үлдээхгүй, гэрээ хангалттай, хангалтгүй гэж бичиг цаас чулуудалцаж суусаар энэ зун өнгөрлөө.
Ихэнх нутгаар гандуу, цаг агаарын байдал таагүй байгаа энэ үед тариа ургацаа бүрэн хураах, хадлан бордоогоо эртнээс бэлдэх, өвөлжилтөндөө анхаарах чухал асуудлууд байсаар атал ийн сандал суудал яриад зуныг барж байгаа нь харамсалтай.
Г.Эрдэм