Усан спортын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Казань хотноо үргэлжилж байна. 16 дахь удаагийн дэлхийн аваргын усанд сэлэлтийн төрөл өнгөрсөн ням гаригт эхэлсэн билээ. Манай улсаас энэ төрөлд усан спортын олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын нэгдүгээр зэрэгтэй Б.Есүй, спортын дэд мастер Б.Энххүслэн нар оролцож байна. Одоогоор М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар эхний уралдаанаа хийгээд байгаа аж. Эрэгтэйчүүдийн50 метрийн мэлхий сэлэлтээр“Хангарьд” клубийн тамирчин, спортын мастер М.Дэлгэрхүү 00:32.07 секундийн амжилтаар замаа туулж, өөрийн гараандааVI байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтээр спортын дэд мастер Б.Энххүслэн 01.13.52 минутын амжилт үзүүлжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа50 метрийн усан бассейн Монгол Улсын рекордыг шинэчилсэн байна. Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаа энэ сарын9-нд болно.
Б.НОМ