Хичээлийн жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төв болон ЦЕГ-аас хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-ноос ирэх есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний үеэр хөдөөнөөс хотыг зорих оюутнуудыг тээвэрлэх жолооч нарт өндөр шаардлага тавих юм байна.
Юун түрүүн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхгүй байхыг онцгойлон сануулж байна. Түүнчлэн зорчигчдын зааланд гар тээшнээс бусад овор хэмжээ ихтэй ачаа ачсан, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн бол жолоочид хариуцлага тооцох ажээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, бүрэн бус, улсын үзлэг, оношилгоонд ороогүй тээдрийн хэрэгслээр зорчихыг хатуу хориглож байгаа юм. Шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүйгээс болон гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч наагаагүйгаас осол аваар гарах нь олонтаа тохиолддогийг ч сануулсан байна.
Энэ сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд орон нутгаас ирэх оюутан, сурагчид, зорчигчдод үйлчлэхээр 55 чиглэлд, үндсэн графикийн дагуу 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: www.medee.mn