Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 11. Мягмар гараг.
Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 27. Ангараг гараг.
Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй.
Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.