ИЗНН –аас сайд, дэд сайдаар хэн томилогдох вэ?

iZ2МАН-ын 6 сайдыг АН-аас огцруулснаар Засгийн газар 6 сайдыг дахиж шинээр томилох шаардлагатай болсон.  Шинэ  сайдуудыг томилохдоо АН, “Шударга ёс эвсэл”-ийн хамтын тохиролцоогоор асуудлыг шийдэх нь тодорхой. Сайдуудыг томилсны дараа  дэд сайдуудын асуудал МАН-аас бусад парламентад суудалтай намуудын хувьд анхаарлаа хандуулах  асуудлын нэг.

Дэд сайд болон аливаа  албан тушаал  томилох асуудалд тухайн намаас  2012 оны сонгуульд  нэр дэвшин сонгогчдын саналыг хэрхэн авсан байдлыг  харгалзан үзэж албан тушаалд томилдог байх зарчим  бол  улс төрийн намуудад байх ёстой зүй ёсны шаардлага юм. Ардчилсан улс орнуудад  ийм  зарчмыг мөрдлөг болгодог. Ингэж мөрдөхийн цаад  учир нь тухайн намдаа  тогтвор  суурьшилтай ажилласан, хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн, сонгуульд олонхийн санал авсан намын гишүүдээ дэмжих нь нэг талаас намын бодлогын хувьд ч  оновчтой байх, нөгөө талаас иргэд олон нийтэд ч зөв харагдах үндэс болдог байна.

Манай улсын хувьд  улс төрийн томоохон намууд эл  зарчмыг мөрдөхөөсөө илүүтэйгээр хөрөнгө чинээтэй хүмүүсийг сайд дарга  болон төрийн захиргааны бусад албан тушаалд томилох хандлага түгээмэл байдаг нь эргээд намдаа сөргөөр нөлөөлдгийг тэр бүр анзаардаггүй.

Харин Монголын парламентад суудалтай намуудын нэг болох ИЗНН хувьд энэ зарчмыг эхнээсээ мөрдлөг болгон ажиллаж ирсэн гэж үзэж болохоор байна. Энэ нь магадгүй  ИЗНН-д намын даргад бүх эрх мэдэл төвлөрдөггүй, Улс төрийн зөвлөл гэх 41 хүний оролцоотойгоор улс төрийн томилгооны асуудал шийдвэрлэгддэгтэй холбоотой байх магадлалтай. Үүнд үндэслэн  өнөөгийн улс төрийн намуудаас харьцангуй  ардчилсан байр суурьтай нам гэж ИЗНН-ыг  үзэх болохоор ажээ.

Энэ удаагийн хамтарсан Засгийн газраас  ИЗНН-д  1 яамыг өгөх, эсвэл  3 дэд сайдын суудал олгох гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа гэнэ. Хэрэв нэг яамыг дангаар нь ИЗНН-д өгөхдөө  хүрвэл  тэр нь мэдээжийн хэрэг Байгаль орчин ногоон хөгжлийн яам байж таарна.  Тус намын дарга, УИХ-ын гишүүн  С.Оюуны хувьд энэ яамны сайдын  албан тушаалыг хашиж байсан. Тэгвэл одоо эрэмбээрээ сайдын албан  тушаалд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  очих ёстой ч мань  хүн сайдаар ажиллахгүй гэдгээ нэгэнт олон нийтэд мэдэгдсэн.

Тэгэхээр ИЗНН-ын хувьд  Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг  авах уу, эсвэл  3 дэд сайдын албан тушаалыг авах уу гэдэг нь өдгөө хараахан шийдвэрлэгдээгүй  асуудал хэвээр байгаа бололтой.

ИЗНН-ын хувьд улс төрийн албан тушаалын томилгоог хийхдээ  өмнөх сонгуулиар сонгогчийн санал авсан байдлыг харгалзан үзэх зарчмыг томилгооны гол үндэслэлээ болгож ирсэн гэдгийг дээр дурьдсан. Үүнээс үзвэл  өдгөө сайд болон дэд  болох  магадлалтай хүмүүсийн нэрсийг гаргаж болох мэт.

2012 оны УИХ-ын сонгуульд  ИЗНН-ын намын жагсаалтаар нэр дэвшсэн эхний 5 нэр дэвшигч болон  тойрогт нэр дэвшин хамгийн олон сонгогчийн санал авсан эхний 5  нэр дэвшигчийг  “Монгол Улсын Их хурлын сонгуулийн  дүн /1992-2012/”  эмхтгэлээс харж авсан саналын тоогоор нь  танилцуулья.

2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-ын  жагсаалтаар оролцсон хүмүүс:

1.  С.Оюун – УИХ-ын гишүүн /намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэн УИХ-ын гишүүн болсон, Шинэчлэлийн Засгийн газрын үед БОНХ-ийн сайдаар ажиллаж байсан

2. С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн /намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болсон/

З. Ган-Очир – БОНХ-ийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан /намын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн/

4. М.Хүрэлсүх – БОНХ-ийн дэд сайдаар ажиллаж байгаа /намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн/

5. Ц.Ганбат – Хөдөлмөрийн яамны  ТНБД-аар яригдсан ч томилогдож чадаагүй /намын жагсаалтын тавдугаарт бичигдсэн/

2012 оны сонгуульд ИЗНН-аас тойрогт нэр дэвшин хамгийн олон санал авсан хүмүүс:

1. З.Алтай – Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшин 25. 895 сонгогчийн санал авсан   /Өдгөө Швед улсад элчин сайдаар ажиллаж байгаа/

2. Х.Бат-Ялалт – СХД-т нэр дэвшин 11.130 сонгогчийн санал авсан   /өдгөө тусдаа нам байгуулан ИЗНН-ын гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан/

3. Р.Булгамаа – Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшин 7377 сонгогчийн санал авсан /ИЗНН-ын нарийн бичгийн дарга/

4. Э.Зоригт – Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшин 6150 сонгогчийн санал авсан /өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгийн  зөвлөхөөр  ажиллаж байсан, өдгөө ХЗЯ-ны  ТЗУГ-ийн даргаар ажиллаж байгаа/

5. С.Отгонбаатар – Дорнод аймагт нэр дэвшин 4731 сонгогчийн санал авсан  /Хувиараа бизнес  эрхлэн ажиллаж байгаа/

Дээрх жагсаалтаас үзвэл  сонгогчдоос авсан санал болон  намын жагсаалтын дарааллын дагуу нэр дэвшсэн хүмүүс  улс төрийн тодорхой албан тушаалуудад томилогдсон нь анзаарагдаж байна.

ИЗНН-аас БОНХ-ийн сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн бол 2012 оны  сонгуульд жагсаалтын  5 дугаарт бичигдэн  нэр дэвшсэн Ц.Ганбат  ажээ.  Харин ИЗНН 3 дэд сайдын суудал авахаар болвол дээрх саналын үр дүнд үндэслэн З.Ган-очир, Р.Булгамаа, С.Отгонбаатар нар очих  магадлалтай харагдаж байна.

Үүнээс гадна ИЗНН-ын олны танил кадрууд болох ИЗНН-ын Нарийн бичгийн дарга Ч.Базар, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нар сонгуульд бага сонгогчийн санал авсан хэдий  тодорхой хугацаанд төрийн алба болон намдаа өндөр албыг хашсан улс төрчид байдаг.

ИЗНН улс төрийн томилгоондоо  өмнө нь  баримталж ирсэн  дээрх  зарчмаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм бол дээр нэр дурьдагдсан  хүмүүст  улс төрийн албан тушаал оногдоно гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж  байна.

Гэвч  АН, ИЗНН-тай хийсэн гэрээндээ хир зэрэг хүндэтгэлтэй хандахаас судлаачийн дэвшүүлсэн  дээрх таамаглалын үр дүн хамаарна гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Улс төр судлаач  А.Тамир

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …