Монголын анхны хуурай аргын цементийн 1 сая тонн-ийн хүчин чадалтай хувийн секторын хөрөнгө оруулалттай, засгийн газрын Чингис бондын зээлийн дэмжлэгтэй цементийн үйлдвэр Дорнын их говьд сүндэрлэн бослоо.
Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх Монцемент төслийг Монполимет Групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын цементийн үйлдвэр говийн бүс нутагт баригдаж ашиглалтанд орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Өргөн сумын Засаг дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монцемент төслийн хүрээнд эх орныхоо хөрсөн дээр Европын стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны ЭКО цементийн үйлдвэр байгуулж байгаа юм.
Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн төслийн хүрээнд шинээр 1000 орчим айлын орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлэх боломжтой болж байна.
Сэнж сант ХХК-ий хуурай аргын цементийн үйлдвэр нь Дорноговь аймгийн үйлдвэржих бодлогын үр дүн бөгөөд бүс нутаг болон улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна.