Нар хур тэгширсэн налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа.
Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч өнөө үед гайхагдам сонин хачныг орчин цагт үнэд оруулан сурталчилж, улс түмэндээ ашигтай, аялал жуулчлалд тустай хэлбэрээр “амь” оруулдаг жишиг дэлхийд бий. Түүх, уламжлалаа хадгалсан, эртний юм бүхэн үнэ цэнтэй оршиж, хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татдаг мөхөшгүй байлдан дагуулал байдаг. Ийм бодлого, зорилгын үүднээс бид бүхэн даншиг наадмыг сэргээх хүсэлтэй сүм хийдүүдийн санаачилгыг дэмжиж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон сурталчлахаар болсон юм. Бидний зорилго биеллээ олж, түүх соёлоороо гайхуулж чадсан гэж үзэж байна.
100 гаруй жилийн дараа анх удаа сэргээсэн даншиг наадмыг олон зуун жуулчин үзэж сонирхлоо. Чингэсийн талбайд 600 лам нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө ерөөл өргөж, ном хурлаа. Монголчуудыг даасан их сахиус Очирваань бурхны сэрэг дүр болон Өндөргэгээний дүрийг залж, цам харайх ёслол үйлдэж, эрийн гурван наадмаа хийж, хэлмэгдсэн шашин соёлоо сэргээлээ. Даншиг наадамд зориулсан мэт Хүй долоон худагт ногоон зүлэг дэвсээтэй, нар хур нь тэгширч тэнгэр хангай сайхан байлаа. Буддын шашин, түүний олон зан үйлийг харуулсан даншиг наадам нь хүн ардын сэтгэлд нийцсэн, нийслэлчүүд төдийгүй монгол түмнийг хамруулсан их баяр цэнгэл болсныг Хүй мандлын дэнж дүүрэн цугласан олон батлан харууллаа.
Харамсалтай нь Даншиг наадмыг зохион байгуулах үеэр нийслэлийн ажил бүрийг гутааж, харлуулах гэсэн улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс зарим бүлэг этгээдүүдийн зүгээс зохион байгуулалттайгаар элдэв гүжир гүтгэлэг тарааж байв. Даншиг нь Монгол Улсын тусгаар тогтнолоо алдсаны баяр мэтээр худал ухуулга явуулж энэхүү наадмыг зохион байгуулах ажилд саад болох оролдлогууд хийж байлаа.
Гэвч өдрөөс өдөрт өнгө нэмж байгаа нийслэлийн үйл ажиллагааг шороотой хутгах зорилготой алс хэтээ хараагүй тэдний энэ явуургүй арга түмэн олны хурайлан дэмжсэн даншиг наадмыг саатуулж чадсангүй. Монголчууд харийн эрхшээлд байсан он цагуудад тусгаар тогтнохын бэлгэдэл болгож 300 гаруй жилийн турш тэмдэглэж ирсэн даншигийг 1922 оноос эхлэн таслан зогсоосон түүх бий. Тиймээссүм хийдүүдийн санаачилга, олон түмний дэмжлэгтэйгээр энэхүү наадмыг сэргээж, ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Даншиг наадмаа дэмжсэн нийслэлчүүддээ талархлаа илэрхийлье.
Мөн Даншиг наадмыг санаачилж зохион байгуулсан бурхан шашны сүм хийдүүд, лам хуврагууддаа, наадмыг үзэж сонирхсон түмэн олон, сүсэгтнүүддээ талархал илэрхийлье. Цаашид энэ наадмыг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлнэ. Өнөө жил энэхүү шашин соёлын арга хэмжээг үзэж сонирхсон олон зуун жуулчнаар дамжин даншиг наадам маань дэлхий дахинаа сурталчлагдах нь дамжиггүй. Тиймээс ирэх жил Монголыг зорих жуулчдын тоо мянга мянгаар нэмэгдэж, даншиг наадам дэлхийд гайхагдсан Монгол брэндүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ