Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

8hh62t2kbbj5ompg0uiqcv1ctМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа.

Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ.600x600 (1)

Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг гарган, Засгийн газар уг зарлигийн хүрээнд олон арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж ирсэн юм.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар зарлиг гаргасан бөгөөд зарлигийн хэрэгжилтээр тодорхой үр дүн гарч байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ                                                        

                                                                                                      

2015 оны 08 дугаар сарын13-ний өдөр                   Дугаар 144 Улаанбаатар                         хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй болгох, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгосугай.

1/ үндэсний болон хөлбөмбөг, хоккейн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, газрын асуудлыг шийдвэрлэх, дотоод, гадаадын зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;

2/ ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагт багтаан үндэсний болон багийн спортын агуулгыг нэмэгдүүлэх, сурагч, оюутныг үндэсний болон багийн спортоор хичээллэх таатай орчин, нөхцөлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;

3/ багийн спортын үндэсний шигшээ багийн олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4/ үндэсний болон багийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэсэн багийн спортын мэргэжлийн сургалттай академи бий болгох, спортын сургалттай дунд сургуульд тухайн чиглэлээр анги нээх, мэргэжлийн болон боловсролын байгууллагууд дэргэдээ үндэсний болон багийн спортын төрлүүдийг клуб хэлбэрээр зохион байгуулж ажиллах, уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих;

5/ биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын хандивлагчид болон холбогдох байгууллагаас өгсөн тусламж, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэргийг гаалийн татвараас зохих хэмжээгээр чөлөөлөх хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх;

Хоёр. Үндэсний болон багийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, барилга байгууламж барих, шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр Монгол Улсад үндэсний болон багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдад уриалсугай.

Гурав. Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН                                                                                         МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                             ЕРӨНХИЙ САЙД

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ                                                                              ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ

 

http://president.mn/

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …