“МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙД” ДУУНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. “Уралдаан зохион байгуулах үндэслэл
Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын асар их өв сан бий.
Өнөөдөр дэлхийн сонгодог дуурийг чадварлагаар дуулж олон улсад гайхуулж буй монгол уран бүтээлч, тухайн үндэстэн болоод дэлхийд алдартай дуучдын урын санг эх хэл дээр нь гайхалтай дуулах авьяаслаг хүүхэд залуус жил бүр өсөн нэмэгдсээр байгаа ч монголын орчин цагийн дууны урлагийг монгол хүний төдийгүй, дэлхий нийтийн хүртээл болгох, монгол нэрийг олон улсад алдаршуулан таниулах санал санаачлага төдийлөн хангалттай бус байгаа юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон өөрийн өв соёлд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч, хүний бүтээлч сэтгэлгээ, авьяас билиг, мэдлэгийн үр дүнд кино урлаг, уран зураг, дуу, хөгжим, шоу бизнес эрчимтэйгээр хөгжин нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг нэмэгдүүлсээр байна.
Иймээс монголын орчин цагийн шилдэг поп дууг англи хэлээр дуулан монгол угсаатан төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал санаачлагыг эхлүүлэх нь нэн чухал байна.
Хоёр.Зорилго
Монголын орчин цагийн поп дууны урлагийг хөгжүүлэх, улс орон, ард түмний дууны урлагийг харилцан баяжуулах, дэлхий нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг монгол иргэнийг дэмжих, монголын соёлын нөлөөллийг олон улсад өргөжүүлэхэд оршино.
Зорилт
– Орчин цагийн дууны урлагаар дамжуулан монгол орны соёл урлагийг олон улсад сурталчлан таниулах;
– Монголын поп дууг англи хэл рүү орчуулан дуулж гадаадын иргэн, монголыг сонирхогч талын идэвх санаачлагыг өрнүүлэх;
– Хүн амын соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Гурав. Хамрах хүрээ, хугацаа
- Монгол Улсын иргэн
- Гадаадын иргэн
Хугацаа: 2015 оны VIII-XI сарын хооронд зохион байгуулна.
Дөрөв. Уралдааны үндсэн шалгуур үзүүлэлт
4.1 Монголын поп дууг англи хэл дээр оновтой орчуулан дууны хэмнэлд тохируулсан;
4.2 Өөрийн өвөрмөц байдал, авьяас чадвар, гүйцэтгэлийн чанарыг харуулсан;
4.3 Дэлхийн дууны урлагийн зах зээлд гарах шаардлага, боломжийг эрэлхийлсэн.
Тав. Шалгаруулах журам
5.1 Уралдааны I шатны шалгаруулалтад оролцогч нь монголын поп дууг англи хэлээр дуулсан өөрсдийн бичлэгийг байршуулсан линк, хувийн товч мэдээллийг ЭНД ДАРЖ 2015 оны 8 дугаар сарын 13–ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ний өдрийн хооронд бүртгүүлнэ.
5.2 Хоёрол, гурвал, дөрвөлийн төрлөөр оролцож болно.
5.3 Ирсэн материалыг үндэслэн уралдааны шалгуур үзүүлэлтийг тодорхой хэмжээнд хангасан оролцогчдод уралдаанд оролцох эрх бүхий урилга, дараагийн шатанд оролцох зааврыг хүргүүлнэ.
5.4 Уралдааны II шатны шалгаруулалтад оролцогч нь олон нийтийн санал асуулгаар эхний 20 байранд орсон дуунаас сонгогдсон 10 шилдэг дуугаар оролцох бөгөөд дууны найруулга, бичлэг, орчуулгыг тус яам хариуцна.
5.5 Монголын поп дууны англи хэл дээрх шүлгийн орчуулгыг хүлээн авч шилдэг орчуулагчийг шалгаруулна.
5.6 Уралдааны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон мэргэжлийн шүүгчид шүүнэ.
Зургаа. Шагнал урамшуулал
-Гран при -1 /5,000,000 төгрөг, клип хийлгэх эрх/
-2 дугаар байр-1 /4,000,000 төгрөг/
-3 дугаар байр-1 /3,000,000 төгрөг/
-Шилдэг-7 дуучин /2,000,000 төгрөг/
–Дууны шилдэг орчуулагч-1 /1,500,000 төгрөг/