Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнөөдөр /2015.08.17/ Төрийн ордонд боллоо.
Өнөөдрийн комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталж, улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрлөө.
Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Комиссын хуралдаанд комиссын дарга УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.