Тахийн тоо толгой нэмэгдлээ

 Бүгд найрамдах Чех Улсаас дөрвөн тахь ирсэн тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ивана Гроллова, Байгаль орчны гавьяат ажилтан О.Доржраа, Олон улсын тахь группын менежер Н.Энхсайхан, Прагийн амьтны хүрээлэнгийн ажилтан, төслийн зохицуулагч Хана Герелдова, Хустай төвийн захирал Н.Банди нар оролцлоо. Адууны өвөг гэгддэг зэрлэг адуу тахийг 1800-гаад оны үед устаж алга болсон гэж эрдэмтэд үзэж байсан ч 1876 онд Оросын эрдэмтэн, судлаач Николай Михайлович Пржевальский Монголын Зүүнгарын говьд амьдарч байгааг олж нээсэн ажээ. Тиймээс тахийг “Пржевальскийн адуу” гэж шинжлэх ухаанд тэмдэглэн үлдээсэн байдаг. Пржевальскийн аялалын дараа монгол орноос тахийн унагыг  европын амьтны хүрээлэнгүүдэд хэд хэдэн удаа тээвэрлэсэн байна. Эдгээр тахийн үр төл өсөж үржсээр 1800 тоо толгойд хүрчээ. Харин 1990-ээд оны эхэн үеэс монгол тахийг эх оронд нь нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газарт 400 орчим тахь нутагшиж байна. Эдгээр тахийн сүргийн 32 хувь нь гадаадаас тээвэрлэн ирсэн,68 хувь нь эх нутагтаа төрж өссөн байна. Энэ төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах ажлыг Швейцарь улсад төвтэй “Олон улсын тахь групп” Улаанбаатар хот дахь товчоогоороо дамжуулан явуулж байна.Олон улсын тахь группын бүрэлдэхүүнд Герман, Швейцари, Австри,Англи, Чех,АНУ-ын амьтны хүрээлэнгүүд,эрдэмтэд, сангууд,хувь хүмүүс оролцож байна. Энэ удаа БНЧУ-ын Прагийн амьтны хүрээлэн, Батлан хамгаалахын нисэх хүчин, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр дөрвөн тахь эх орон, ижил сүрэгтээ ирлээ. Дөрвөн тахийг Ховд аймгийн Булган сумын нутаг Тахийн талд энэ сарын 02-ны өдөр хүргэсэн байна.

БОНХЯ

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …