“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн өнөөдөр шүүхийн шийдвэрийн дагуу суллагдлаа. Албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж байгаа билээ.
Түүнийг 80 гаруй хоногийн өмнө Цагдан хорих 461 дүгээр төвд саатуулсан юм. Г.Дэнзэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хугацаа сунган албадан хорьж буй байдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад байсан юм. Өлсгөлөн зарласан хугацаандаа түүний биеийн байдал эрс муудаж, хэд хэдэн удаа ухаан алдаж, орноосоо босч чадахгүй болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Г.Дэнзэнг уржигдар эргэж очсон тухайгаа твиттерт жиргэхдээ хорих ангийн өрөөнд хэвтэж байгаа Дэнзэнгийн зургийг түүнийг босох ч тэнхэлгүй болсон мэдээтэй хамт нийтэлсэн юм.
Шүүгч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж өнөөдөр 17:00 цагийн орчимд батлан даалтад гаргасан байна. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд амьсгал хурааж байсан. Г.Дэнзэнгийн биеийн байдал маш хүнд болсон учир Д.Амарсайхан шиг шоронд амь насаа алдаж магадгүй хэмээн шүүх үзэж батлан даалтад гаргасныг эх сурвалж мэдээллээ.
Э.Баатар
http://dnn.mn