Сүүлийн үед монголын улс төр бантан болов. Улс төрийн сэдвээс Оюу Толгой, Таван Толгой, Гачуурт оргүй алга болж, Засгийн Газраас сайдууд хөөх тухай асуудал болов. Тэгснээ Засгийн Газар огцрох эсэх асуудал болов. Тэгснээ гэв гэнэт өршөөлийн тухай асуудал болов. Дөнгөж саяхан уучлагдсан Н.Энхбаяр эргэн ирж “зөвлөнө” гэв. Сүүлдээ Ц.Элбэгдорж шударга ёс, авилгатай тэмцэх асуудал болгов. Монголчууд улс төрийг “гаргуун сайн мэддэг” хэдий ч энэнд бол ёстой толгой нь хүрэхгүй болов. Сүүлдээ намайг “анаалийз” хийсэнгүй, “залхуу новш”, “мэддэгээрээ боолоо хаалаа” гэж агсрах болов. Тэгвэл өөдөөс олон долоон юм донгосолгүй, хэрүүл өдөхгүй байх л хэрэгтэй ш дээ. Би ямар төр засаг үймүүлж, авилга аваад байгаа биш. Үгүй ядахдаа энэ адгийн төр засгаа загнаж агсарч болно ш дээ…
Зарчмын асуудлууд
Эхлээд зарчмын хэдэн асуудал хөндөж, үүнийг анхааралдаа авах ёстой гэж санана.
Нэг. Засгийн Газрын асуудалтай хамт гэв гэнэт орж ирсэн Өршөөлийн тухай хууль яагаад улс төрийн асуудал болов ?.
Хоёр. Өршөөлийн хууль Засгийн Газрын хувь заяатай ямар холбоотой вэ ?
Гурав. Өршөөлийн хууль ганц Н.Энхбаяртай холбоотой юу ?
Дөрөв. Энэхүү Өршөөлийн хууль Н.Энхбаярын үеийн авилга, сүүлийн үеийн авилгын алинд илүү холбогдох вэ ?
Тав. Өршөөлийн хууль гарснаар улс төрийн нөхцөл байдал, хүчний харьцаанд ямар өөрчлөлт гарсан буюу гарах бэ ?
Зургаа. Энэ хуульд Ц.Элбэгдорж яагаад АН-ын “шинэ” авилга ярихгүй, дандаа хуучин Н.Энхбаярын авилгыг яриад байгаа юм ?
Долоо. Үүнээс болж улс төр, эдийн засгийн бусад асуудал, тухайлбал Засгийн Газар яах вэ ?
Асуудлуудыг зөв зэрэгцүүлж тавихад хүртэл юмны учир шалтгаан ямар нэг байдлаар тодорхой болдог. Энэ нь системийн шинжилгээ эхлэхэд заавал хийдэг арга юм. Үүнийг би суралцаж буй залуучуудад зориулж хэлж байна.
Анхны том авилга хийгээд мартагдсан гэмт хэрэг
Хамгийн анхны авилгын томоохон хэрэг бол казиногийн гэх дуулиант хэрэг юм. Олон хүн одоо болтол үүнийг учрыг олдогггүй юм. Олдоггүй ч гэж дээ, мартчихдаг юм. 1999 онд Казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. УИХ-д АН олонхи байсан үе л дээ. Үүнээс өмнө Монголд албан бусаар хоёр ч казино ажиллаж, түүнд монголын “шинэ элитүүд” бүгдээрээ шахам очиж, өгөө аваагаа тохирдог байсийм. Энэ казинод хэн нь улс төрч, хэн нь бизнес, хэн нь гэмт хэрэгтэн нь ялгарахаа байсан цаг. Бүгд холилдчихсон гэсэн үг. Лав л банкны О.Чулуунбат МАН-ын удирдагч нарыг өөрийн биеэр үлгэрлэн дагуулж казино руу байн байн дагуулан явдаг байсныг би гэрчилж чадна. Тэр үеийн намын дарга нар “ядуу” учраас тэдний казиногийн халаасны мөнгийг О.Чулуунбат даадаг байсныг ч би мэднэ. Энэ ч гэсэн авилга биз дээ.
“Ийм төрлийн тоглоомд Зориг ч их дуртай…Улаанбаатарт хууль журамгүйгээр хоёр ч казино ажиллаж байсанд Зориг, Дашзэвэг нар байнга ордог байжээ.” (Баабарын “Казиногийн хэрэг өгүүллээс.)
Ингэхлээр тухайн үеийн казино бол монголын улс төрчдийн авилга авах гол газар байсан юм. Ийм болохоор Казиногийн хууль батлагдах нь мэдээж хэрэг. Харин яаж ?! Тэр үед нийгмийн сэтгэл зүй, уур амьсгал “хамгийн аймшигтай” мөрийтэй тоглоомын газар казиног үг дуугүй зөвшөөрөх хэмжээнд огт хүрээгүй байв. Гэтэл АН олонхи болсон УИХ 80 гаруй хувийн саналаар казиногийн хуулийг баталсан юм.
Энэ хуулийг дэмжихийн тулд МАН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Энхмандах нар Макаогийн компанийн төлөөлөгч Л.Байгалиар дамжуулан 20.000 долларын авилга авсан нь тухайн үеийн гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон юм. Энэ нь одоо бол инээд хүрмээр өчүүхэн мөнгө санагдаж болох ч тэр үедээ асар их мөнгө байсан юм. Энэ мөнгөө заримыг нь Улаанбаатарт, заримыг Унгарт очиж нууж нуугдаж хувааж авч байсныг одоо бодоход анхны авилга их ичмээр байдаг бололтой юм билээ.
Ерөнхий сайд Ж.Наранцацралт энэ асуудлыг шалгуулна, УИХ-д асуудал болгон оруулна гэдгээ УИХ- ын индрээс зоригтой гэгч нь зарлав. Үүнд нь одоо УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Хууль зүйн сайд Л. Цог ихээхэн нөлөөлсөн юм. Эрүүгийн цагдаагийнхан хаашаа ч хөдлөхийн аргагүй гүйцэтгэх ажлын баримтууд гаргаж авсан учраас Л.Цог бардам байсан биз.
Эхлээд 6 дугаар сард болох хандивлагчдийн зөвлөгөөний дараа, улмаар наадмын дараа баривчилна гэж хүн сэтгэл гарган асуудлыг хойшлуулсан нь тэдний уучлашгүй алдаа байлаа. Учир нь МАН тэднийг өөрсдийг нь зөрүүлээд “орос руу захидал бичсэн” шалтгаанаар огцруулж орхисон юм.
Энэ талаар миний бичсэн “Авилгалын загалмайлсан эцэг” (2005.02.15.) болон А.Баатархуяг, талийгаач Б.Дашрэнцэн нарын олон өгүүллүүдэд олон талаас нь нэн тодорхой өгүүлсэн байдаг. Мөн Баабарын сонирхолтой өгүүлэл ч буй. Иймээс казиногийн талаар нэмж ярих нь илүүц…
Харин Ж.Наранцацралт огцрохдоо УИХ-ын индэр дээрээс: “Биднийг огцроход чармайн ажилласан МСДН-ынханд (Монголын Социал-Демократ Нам) их баярлалаа” гэсэн хатуу бөгөөд зэвүүн үг чулуудсан юм. Энэ бол МСДН-ын дарга Р.Гончигдорж, түүний биечлэн хүмүүжүүлсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хандаж хэлсэн үг байсан агаад үүнийг ач холбогдлыг одоо л жинхнээс нь ойлгож болно.
Учир нь яг энэ үед Н.Энхбаяр Р.Гончигдорж нар нам дамнасан “Алтангадас”-ыг байгуулж байсан юм. Бүр тэр үеэс л МАНАН бий болох бүх талын нөхцөл бүрэлдсэн юм. Өөрөөр хэлбэл “Алтан гадас”, МАНАН бол авилгаар эхэлсэн, одоо ч гэсэн авилгаар дуусах тавилантай.
Төгс авилгын систем
Үүнээс хойш Н.Энхбаярын эрин үе эхлэв. Энэ үеийг “төгс авилгын систем” гэж нэрлэж бүрнээ болно. Үүний агуулга нь дорнын маягийн нэг дарангуйлагчтай, барууны маягийн хоёр намтай, чингэхдээ нэг нь “дарга”, нөгөө нь “туслах” чиг үүрэгтэй, авилгын дэс дараалсан, шаталсан бүтэцтэй бүрэлдэж төлөвшсөн юм. Энэ нь нийгмийн хэт эрс, маш хурдан шилжилтээс үүдсэн замбараагүйдэл, дур зоргийн үйлдлийг түр зуур эмх цэгцтэй болгосон мэт, нэг хэсэгтээ сааруулсан мэт харагдаж байсан боловч агуулгагүй, зорилгогүй, чиглэлгүй байсан учраас тэр дороо л нуралтад орсон юм.
Түүнээс гадна дарангуйлал ардчилал хоёрыг, зах зээл авилга хоёрыг, дур зорго шинжлэх ухаан хоёрыг эвцэлдүүлэн нийлүүлэх ямар ч боломжгүй байсан юм. Н.Энхбаяр ч гэсэн соёл, урлаг, уран зохиол бага зэрэг гадарлахаас биш, эдийн засаг, нийгэм, төр улсын удирдлагын талаар “А” ч байхгүй хөгийн нөхөр билээ.
Ямар ч монгол хүн дэргэдээ өөртэйгээ ижил буюу “арай доогуур” хүн цуглуулдаг хуулийн дагуу Н.Энхбаяр ч гэсэн дэргэдээ монголын хамгийн адгийн тэнэгүүдийг цуглуулсан юм. Үүний улмаас монгол төрийн оюуны чадавхи оргүй алга болов.
Н.Энхбаярын хийсэн мянганы зам, их өрийг дарсан, бүсчилсэн хөгжил, төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, газар хувьчилсан, лицензийн болон баялгийн наймаа, мянганы хөгжлийн цогц бодлого, төр болон намын системд тогтоосон удирдлагын болон ажлын арга барил, хэм хэмжээ зэрэг БҮХ АЖИЛ манай нийгмийн хөгжилд стратегийн ихээхэн хөнөөлтэй, алсын хор уршигтай. Үүнийг би нотлоогүй, өнөөгийн практик, шинжлэх ухаан нотолж байгаа. Монголын атаат дайсан байсан ч манай улсыг ингэж углуурга заадсаар нь хорлож чадахгүй.
Системийн удаан эвдрэл
Н.Энхбаярын тогтоосон “дарга болон туслах намын систем” тун удалгүй эвдрэлд орсон юм. Энэ нь 2004 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдсанаар эхэлсэн юм. Нарийн яривал “дарга болон туслах намын системд” хэт хатуу дарангуйлагч хэрэггүй аж. Эндээс Н.Энхбаярын орыг залгах улс төрийн нөр их тэмцэл эхэлсэн юм.
Монголын улс төрийн хөгийн системийн ил болон далд үй түмэн тэнэг хөшүүргүүдийг ашиглан Н.Энхбаяр эхлээд УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгч болоод авав. Чингэх хоорондоо “Эх орон-Ардчилал” эвслийг задалж, УИХ-ын 62-ын бүдүүн бүлэг байгуулж монгол төрөөр тоглох шиг болсон.
Р.Гончигдорж хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болж явлаа шүү дээ. Сүүлдээ хөөгдсөн дөө, хөөрхий. Ц.Элбэгдорж “Эх орон-Ардчилал эвслийг” задалсныхаа шанд Ерөнхий сайд болсныг хүн болгон санаж байгаа. 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиар АН-аас нэр дэвшчихээд түүнийгээ МАН-ын дарга М.Энхболдод найр тавин өгч байсан нь саяхны явдал шүү дээ. Гэлээ ч гэсэн сүүлдээ хөөгдөж билээ…
Нам дамжсан “Алтан гадас”, МАНАН-гийнханд улс эх орон, үндэстэн, намын эрх ашиг гэж огт байхгүй, зөвхөн засгийн эрх мэдэлд байх гэсэн хувийн явцуу эрх ашиг гэж л байдаг. Монголын өнөөгийн улс төрийн систем бол хэн дуртай хүн, явцуу бүлэг хүссэн зоргоороо тоглож болдог үнэхээр хоцрогдож, танагаа алдсан адгийн систем гэсэн баараггүй дүгнэлт эндээс гардаг юм.
Одоо бол “улс төрийн системээ засаж сайжруулна”, “Үндсэн Хуулиа хамгаална” гэх мэтийн Д.Лүндээжанцан нарын хөгийн яриа бол монгол үндэстний эсрэг хорт үйл ажиллагаа мөн.
Монгол Улс, үндэстнийг углуурга заадсаар сөнөөх хувь тавилантай төрсөн Н.Энхбаярын бүтээсэн адгийн систем эдүгээ нэгэнт хэвшин тогтсон нийгмийн үзэгдэл болжээ. Энэ бол энхбаяризм юм. Энэ нэр томъёог би аль эрт хэрэглэсэн боловч олон хүн намайг Н.Энхбаярт дургүйдээ, эсвэл чамирхаад өгчихсөн гэж боддог юм. Гэвч тийм биш л дээ. Энэ бол олон жилийн судалгаа, харьцуулалтын дүнд гарч ирсэн нэр томъёо юм.
Буддизм хийгээд өрнийн гүн ухаан, социализм хийгээд либерализм, уран зохиол хийгээд шинжлэх ухаан, ардчилал хийгээд дарангуйлал, зах зээл хийгээд авилгал, орчуулга хийгээд төрийн удирдлага, бүдүүлэгжилт хийгээд соёл зэргийн тасархай болгоныг бүгдийг нийлүүлээд хольчихсон Н.Энхбаяр шиг улс төрч энэ дэлхийд байдаггүй юм. Ингэхлээр Н.Энхбаяр бол эсвэл “бүх юм” мөн, эсвэл “юу ч биш” юм.
Ингээд энэхүү хачин тодорхойгүй, үл мэдэгдэх, нэн аймшигтай хүнийг зайлуулах бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн юм. Гэхдээ түүнийг тухайн үедээ манай хэвлэл мэдээлэл “Хоёрдугаар Чингис хаан”, “Гималайн уул” гэхчлэн өргөмжилж, оны шилдгээр 36 удаа шалгаруулж байсныг мартах аргагүй л дээ.
Бүгдээрээ түүнээс айна, харин юунаас нь айгаад байгаагаа харин хэн ч мэддэггүй байлаа. Энд монголын бэртэгчин, арчаагүй сэтгэл зүй илт харагддаг юм. Харин Г.Уянга, А.Баатархуяг, Б.Дашрэнцэн бид хэд л айж байгаагүйг олон хүн гэрчилнэ буй за.
Эхэн үедээ монголын олигархууд үндсэндээ МАН-ыг дагаж байв. Юу боллоо гэж бардам ам, шалдан гуя АН-ыг дагаж байхийм. Тэр нь үндсэндээ Н.Багабанди, Б.Энэбиш нарыг тойрон хүрээлж байв. Тэр үеийн олигархи ч гэж дээ, дөнгөж шинэ тутам төрөн гарч байсан бизнес бүлэглэлүүд л байхгүй юу. Тоо нь ч цөөхөн байж, хөрөнгө мөнгө нь ч бага байж. Баяжих бараг цорын ганц арга нь өмч хувьчлал. Харин арай сүүлд Н.Энхбаярын үед лиценз гарсан юм.
Ингээд Ш.Отгонбилэг нас барсан нь Н.Багабандийг бүлэгт нөхөж баршгүй гарз болсон юм. Асар удалгүй Б.Энэбиш нас барав. Энэ тохиолдолд тэдний бүлэглэл уйлаад суугаад байхгүй нь мэдээж хэрэг. Яваандаа тэд Н.Энхбаярын мэдэлд бүрэн шилжсэн юм. Халхавч нь МАН-ын эрх ашиг байлаа.
АН-ын “олигархууд” зөвхөн МАН-аар дамжин, түүнтэй тогтоосон танил тал, хамаатан садны болон улс төрийн бусад холбоо сүлбээгээрээ л дамжуулан баяжиж болох байв. Энэхүү “бусад холбоо сүлбээ” гэж юу вэ ? Тэр үед ардчилсан хүчнээс МАН-тай, тодруулбал Н.Энхбаяртай хамгийн ойр дотно байсан хүн хэн бэ ?
Р.Гончигдорж байхгүй өөр хэн байдгийм. Р.Гончигдорж Н.Энхбаярын үй зайгүй найзаас гадна АН-ын бүх асуудлыг түүний өмнө хариуцаж байв. Тэгвэл Р.Гончигдоржид хэн хамгийн ойр дотно байсан бэ ? Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр байхгүй өөр хэн байдгийм ?! Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр бол МАН, АН-ын монголын улс төрд олон жилийн өмнөөс зориудаар санаатайгаар бэлтгэсэн Хасар, Басар нохойнууд мөнөөсөө мөн. Нам дамжсан хорт үйл ажиллагааг энэ хоёроос илүү сайн мэдэх, гаршиж туршлагасан хүн Монголд байхгүй.
Одоо асуудал ойлгомжтой болж байгаа гэж би бодож байна. Цааш нь…
Ц.Элбэгдоржийн жишиг
Ингэж тэнэгтэж явсаар тэсвэр алдрав. 2004 оны ялагдлын дараа Н.Энхбаярын систем нуралтад орсныг “Н.Энхбаярын цаг дууссан” гэж олигархууд ойлгожээ. Үнэхээр ч тэр нь үхэж өгөхгүй, сэхэж өгөхгүй хүн болгоныг зовоосон тамын амьтан болжээ. Харин систем өөрчлөх асуудлыг хэн ч бодсонгүй, зүгээр л Н.Энхбаярын орыг буюу түүний байр суурийг хамтран эзлэх тухай л боджээ. Энэ нь хамгийн амархан шийдэл байсан юм. Ингээд МАН талаас С.Баяр, АН талаас Ц.Элбэгдорж хоёр хавсайдан Н.Энхбаярыг онхолдуулав.
Гэтэл ахиад л зөрчил гарч, лайтай юм болов. С.Баяр нь МАН-тай учраас бүх асуудлыг хуучнаараа мэднэ гэж бодов. Гэтэл Ц.Элбэгдорж би эзэн нь гэж бодох нь мэдээж хэрэг. Эхэндээ ч гайгүй байсан юм. Гэтэл тэд Н.Энхбаярыг зүгээр л унагасан болохоос гүйцэд алаагүй байсан юм.
Даргагүй болсон олигархууд яахаа мэдэхээ байв. Тэд нэг хэсэгтээ С.Баярыг дарга гэж бодсон юм. Энэ сиймхийг С.Баяр ашиглан Оюу Толгойн гэрээг С.Баярцогт нарыг ашиглан Монголд ямар ч ашиггүй байгуулж орхив. Хэл амнаас айсандаа ажлаа Сү.Батболдод хүлээлгэж өгөөд АНУ руу арилж өгөв. Оюу Толгой “барууных” учраас АНУ өмөөрнө гэж бодсон хэрэг. Энэ явдлын учир одоо л эхнээсээ тодорч байна.
С.Баяр нэгэнт зугтсан учраас Ц.Элбэгдорж дарга болох нь мэдээж хэрэг. Н.Энхбаяр “бүх юмны хольц” холион бантан бол Ц.Элбэгдорж толгойдоо юу ч байхгүй зүгээр л адгийн авантюрист этгээд юм. Энэ хоёрт зарчмын ялгаа байхгүй юм. Одоо тэр дураараа дургиж, үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайд, зарим үед УИХ-ын ажлыг булаан авч хийх болов.
Ц.Элбэгдоржийн амнаас унах хоёр үгний нэг нь ардчилал гэдэг боловч тэр Н.Энхбаяраас хамаагүй илүү хатуу ширүүн дарангуйлагч, хүчирхийлэгч юм. Ц.Элбэгдорж улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хийх жишиг тогтоож, монголын нийгэмд шоронгоор сүрдүүлэх систем тогтоосон юм. Хаа очиж Н.Энхбаяр хянаж шалган сүрдүүлдэг, айлгадаг, өрсөлдөгчдөө голдуу хөөж орхидог байсан юм. Тэр тун цөөн хүнийг шоронд хийсэн. Гэтэл Ц.Элбэгдорж шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн мангас болов.
Эхлээд тэр Н.Энхбаярын оймсыг гозойлгов. Дараа нь МАН-ынхан цагдаа, шүүх, прокурор, АТГ-ын өмнө очерлодог ажилтай болов. Орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн засаг дарга нарын хэрэг мандав.
Орхон аймгийн Ц.Оюунбат, Сонгиохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д.Батсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа гээд энэ жагсаалт их урт үргэлжилнэ. Нийт 18 аймгийн засаг дарга гэмт хэрэгт холбогдсон юмдаг. Аймгийн түвшинд бол сумын дарга нараа шоронд хийдэг ажилтай болов. Ингэж Ц.Элбэгдоржийн жишиг жирийн хэм хэмжээ болсон юм. Энэ нь авилгатай тэмцэх гэхээсээ орон нутгийн сонгуульд амжилт олох улс төрийн арга хэмжээ байсан юм.
Авилга авсан бол хууль ёсоор шийтгэх нь зөв бөгөөд шударга хэрэг. Гэтэл дандаа МАН-ынхан шоронд ордог болов. МАН-ынхан засгийн эрхэнд удаан байсан болохоороо илүү олон хүн шоронд орох нь бас л зөв бөгөөд шударга хэрэг юм. Гэхдээ АН-аас ганц ч хүн идэж уугаагүй гэвэл тэрэн шиг худал юм бас байхгүй. Үнэндээ Ц.Элбэгдоржийн тогтоосон жишиг хууль ёсны шийтгэл гэхээсээ улс төрийн залхаан цээрлүүлэлтийн зэвсэг, арга хэрэгсэл болон хувирсан юм.
Ц.Элбэгдоржийн тогтоосон энэ жишгийг АН-ын албан тушаалтнууд дуртайяа хэрэглэх болж, шоронгоор сүрдүүлж улс төрийн ажил хийх монголын нийгмийн жирийн үзэгдэл болов.
Энэ хооронд АН-ынхан иднэ ууна гэдгийг ёстой үзүүлж өгсөн юм. Наад зах нь 3,5 тэрбум долларын бондын мөнгийг жил хүрэхгүй шахам хугацаанд дуустал идсэн дэлхийн рекорд амжилтаа тайлбарлах ёстой л доо. Тайлбарлахаар барахгүй Ц.Элбэгдоржийн тогтоосон жишгийн дагуу үг дуугүй шоронд явах ёстой. Түүнчлэн Ц.Элбэгдорж ч гэсэн өөрөө холбогдож буй олон асуудлаа авилгын хуулийн дагуу тайлбарлах ёстой.
2016 онд УИХ-ын сонгууль болно. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иймээс сүүлийн үед Ц.Элбэгдорж шоронгийн түлхүүр эргэлдүүлж хүн айлгахаа больчихоод байгааг олон хүн анзаарч байгаа. Аягүй бол өөрийнх нь оймс гозойх ч юм бил үү, хэн мэдлээ…
Ингэхлээр өршөөлийн тухай хууль гаргахыг хэн хамгийн их хүсэх вэ ?! Ц.Элбэгдоржоос өөр хэн байх билээ ?! АН-ын идэж уугчдаас өөр хэн байх билээ ?! Тэгвэл МАН яах вэ ?! МАН-ын дунд болон жижиг гарын баагийнууд аль хэдийн шийтгүүлээд нэр нүүрээ баллаад “дуусчихсэн”. Харин МАНАН болон “Алтан гадас”-ын том гарын акулуудыг энэ төр засаг байгаа цагт хэн ч шийтгэж чадахгүй л дээ…
Гэнэтийн хувирал
Монголын улс төр гэнэт хувирдгаараа алдартай билээ. Саяхны үйл явдлыг сануулан өгүүлбэл АН Засгийн Газраасаа МАН-ын 6 сайдыг хөөх шийдвэр гаргав. Энэ нь Засгийн Газрыг тун ч эвгүй байдалд оруулсан билээ. Энэ Засгийн Газрыг Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын захиалгаар байгуулсан гэдгийг хүн бүр мэднэ. Энэ бол МАНАН, “том Алтан гадас”-ын засгийн газар юм.
Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг АН талаас Ц.Элбэгдорж тэргүүтэй 6 орчим хүн, МАН талаас УИХ дахь бүлгийн хэдхэн хүн дэмжиж байв. Эсрэг талд нь З.Энхболдын тэргүүлсэн Шонхор зэрэг хүчирхэг фракц Н.Алтанхуяг болон бусад фракцийн дэмжлэгийг авсан байлаа. Энэ талаар дөнгөж саяхан “Үзэгдэл хийгээд мөн чанарын тухай” (2015.07.06.) аналитик өгүүлэлд нэн тодорхой дурдсан.
Гэтэл гэв гэнэт АН “бат цул” эв нэгдэлтэй, МАН “ган бат” эв нэгдэлтэй болов. Энэ хооронд юу болов. Өнгөц харахад Өршөөлийн тухай хууль л гарсан. Өөр юу ч болоогүй. Гэтэл олон юм болжээ. Энийг л өгүүлэх гэсэн юм.
МАН-ын сайдуудыг хөөсөн Засгийн Газар өөрөө унахгүйн тулд шаардлага болгоныг хүлээн авахад бэлэн байжээ. Хэний шаардлага гэвэл дараагийн Засгийн Газар бүрдүүлэх холбоотны асуудал юм. Энэ нь лав л МАН биш. Тэгэхлээр Шударга ёс эвсэл буюу МАХН, МҮШН, мөн ИЗНН, бие даагчид л үлдэж байгаа юм. Бие даагчид үгүй гэсэн.
Шударга ёс Эвсэл УИХ-д 10 суудалтай. МАХН-аас: О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, МҮШН-аас Н.Батцэрэг, М.Сономпил, Г.Уянга нар байдаг.
Г.Уянга Засгийн Газрын эсрэг хатуу байр суурьтай учраас түүнийг энэ ажилд оролцуулахгүй нь мэдээж хэрэг. Л.Цог бас л “эсэргүүний” тоонд орно. Ингэлээ ч гэсэн Засгийн Газрын хувь заяа МАХН-аас шалтгаалах болоод байна.
Ингээд хувь заяаны эрхээр, бас нөхцөл байдлын эрхээр Н.Энхбаяр ахиад жингийн тавгийн голд зогсчихоод савлуулж эхлэв. Энэ нь Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг тогтоож байгаагаараа ихээхэн тус хүргэж байгаа мэт боловч алсуураа бүх эрх мэдлийг АН-аас МАН руу шилжүүлж байгаагаараа үлэмж аюултай юм. Хэрэв Н.Энхбаяр өш хонзон авч Ц.Элбэгдоржийн “оймс гозойлгодог” жишгийг өөрт нь хэрэглэвэл яахав ?! Түүний жишгийг АН-ын гишүүдэд хэрэглэвэл яахав ?! Иймээс одоо өршөөх нь зөв. Ингээд байр солигдож, хамаг юм холион бантан болох нь тэр.
Н.Энхбаяр болохоор эхэндээ Монголдоо ирж зүгээр л амьдрахыг бодож байв. Гэтэл энд бантан хутгасан нөхдүүд түүнийг очиж үймүүлэн, хорхойг нь хөдөлгөсөөр байгаад түүний дарга болох хууч өвчнийг сэдрээж орхив. Ингээд тэр хашир туршлагатай хүний хувьд Өршөөлийн хуулийн төсөлд өөрийнхөө тухай заалтыг оруулж түүнийгээ Засгийн Газраар зөвшөөрүүлж амжжээ. Н.Энхбаяр бусдыг нь “нэмж” арай ч чадаагүй байх, “бусад олон өршөөлийг” АН-ынхан нэмсэн нь мэдээжийн хэрэг. Хэрэг дээрээ энэ нь Н.Энхбаярын хамгийн сүүлчийн жүжгийн хамгийн сүүлчийн дүр юм. Чингэхдээ тэр сайн дураараа биш, нөхцөл байдлын эрхээр арга буюу тоглож байгаа билээ.
Ингээд Өршөөлийн тухай хууль Засгийн Газрын асуудлаас даван гарч, улс төрийн гол асуудал болон хувирав.
Энэ нь хүчиндээ дандаа эрддэг, тэгсэн атлаа шийдвэртэй үед дандаа хулчийдаг З.Энхболдын хувийн зан араншинтай шууд холбоотой юм. Ямар ч тэнэг хүн миний аналитик бичвэрээс МАНАН-гийн Засгийн Газрыг унагах “мянга түмэн” хувилбарыг түвэггүй олж харах боломжтой. Гэтэл З.Энхболд ганцыг нь ч ашигласангүй. Харин ч сөрөг бүх хүчнээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад орох боломж олгон, сөрөг давшилтад оруулав.
Тэр ч байтугай бараг үхээд байсан Н.Энхбаярыг дахин амьдруулж, Ц.Элбэгдоржийг сэхээнээс гаргаад ирж байна. МАН барьцаанаас бараг мултарч эхлэв. Энэ бол хулчгар, шийдмэг бус байдлаас үүдсэн үлэмжийн тэнэг стратегийн алдаа юм. “Уусгахгүй бол давс бүү хий, дуусгахгүй бол ажил бүү эхэл.”
Намынхаа “нэр хүндийг эрхэмлэсэн” З.Энхболд Ч.Сайханбилэг 2 нууцаар уулзаж, Засгийн Газрыг түр тогтоох тухай тохиролцоонд хүрсэн байна. Ингээд Н.Энхбаярын өршөөл дээр АН-ын авилгачдын өршөөлийг “нэмсэн” Өршөөлийн тухай хуулийг оруулж ирэх тохиролцоонд хүрчээ. Тэд Ц.Элбэгдоржийг “ойрын зайн” тоглолтод сайн, хүнд цохилтоос хурдан гардаг гэдгийг ор тас мартжээ.
“Том” намын “том” дарга Г.Уянга зэргийн ганц хүүхнээс тусламж авахгүй гэж томрохоор тэгдэг юм. Үүнийг монголоор аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдгийм.
Өршөөлийн хуулийн мөн чанар
Уг нь Өршөөлийн хууль бол үе үе гаргадаг, байдаг л нэг хууль юм. Гэтэл энэ удаад авилгын асуудал орж ирэв. Авилга гэнгүүт монгол хүний толгойд түүний загалмайлсан эцэг Н.Энхбаяр орж ирэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ бол “түүхийн асуудал юм”.
Яагаад гэвэл Н.Энхбаярын авилга бол өнгөрсөн, баларсан, мартагдсан, “аль дивангалавын” асуудал юм. Харин одооны авилга бол дөнгөж саяхны бонд, газар, зам, барилга, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, банкны зэрэг асар их мөнгө идсэн одоогийн төр засгийн асуудал юм. Одооны авилгын дэргэд Н.Энхбаярын үеийн авилга хүүхдийн тоглоом юм. Хэрэв яг бодитой жигнэж үзвэл аюул болон хор хөнөөлөөрөө одооны авилга хавьгүй илүү аюултай, төр засгийн эрх баригчидтай илүү их холбоотой.
Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ ялгааг огт хөндсөнгүй, зөвхөн Н.Энхбаярын авилгыг ярьж, баахан загнаж, сурсан зангаараа ардчилал, шударга ёсны талаар баахан худал дүвчигнөв. Хэрэв тэр үнэхээр шударга юм бол “бүх үеийн” авилга, бүх намын авилга, ялангуяа одооны авилгын талаар нэг ч болтугай үг унагах ёстой байсан. Гэтэл тэр ганцхан Н.Энхбаярын авилгыг ярьж, шударга ёсыг сэргээх тухай уламжлалт үлгэрээ ярив. Гэвч түүний үлгэрт итгэдэг хүн Монголд тун цөөхөн. Энэ бол түүний бараг сүүлчийн дүвчигнөл байх.
МАН Засгийн Газраас хөөгдчихөөд “насан турш үнэнч байна” гэж орилж байгаа нь АН, МАН-ын ашиг сонирхол ямар их давхцаж байгааг, мөн МАН-ын хувьд энэ Засгийн Газар тэдний бизнесийн гол тулгуур болохыг тов тодорхой харуулав.
Энэ явдал МАН дотор эсрэг тэсрэг 2 том бүлэглэл үүсгэж, тэд улс төрийн хатуу ширүүн тэмцэл өрнүүлж эхлэв. МАН “ахмад”, “том”, “буурь суурьтай” намын дүр исгэж, энэ байдлаас “нэр цэвэр гарах” гэж хичээх тусмаа улам тэнэг, улам арчаагүй байдалд орсоор байна. МАН-ын үхтлээ нууж байгаа энэ үзэгдлийн талаар тун удахгүй өгүүлэх юм.
Эдүгээ АН ч, МАН ч сахилга бат яриад жигтэйхэн. Энэ хоёр нам сахилга батаа салтаандаа хийчихээд тун их удаж байна. Одоо ийм тэнэглэлийн дараа хэнийгээ, юугаа бодож сахилга бат сахих юм ?!
Одоо төр засаг, намууд зохион байгуулалтын бүрэн эвдрэлд ороод байна. Зохион байгуулалтын энэхүү эвдрэл доороосоо биш, дээрээсээ явагдаж байна. Өөрсдөө усан тэнэгээсээ болж дээрээс нь зохион байгуулалтаа бараг санаатайгаар эвдчихээд доороосоо сахилга бат шаардах нь гэмт хэрэг юм.
Одоо сахилга батгүй доод хүмүүсээс биш, харин усан тэнэг хэдхэн дээд дарга нараас болж Та нарын намын сахилга бат салтаагаар чинь сад тавих нь эргэлзээгүй.
Ч.Сайханбилэг Өршөөлийн хуулиар наймаа хийж, өөрийгөө нэг удаа аварсан мэт боловч түймэр тавьж орхив. Одоо Ц.Элбэгдорж бүх дургүйцлийг З.Энхболдын эсрэг чиглүүлэхийг бүхий л чадлаараа оролдож байна. Гэвч Ч.Сайханбилэг гэм зэмгүй зүгээр өнгөрнө гэвэл номонд хазгай. Н.Энхбаяр Засгийн Газрыг нь тогтоож өгөөд өршөөгдөнө гэж бодсон биш, Ц.Элбэгдоржийн заналд оров. Ц.Элбэгдорж үнэн хэрэг дээрээ Өршөөлийн тухай хуульд хориг тавьж байгаа биш, АН, МАХН-ын Засгийн Газрын эсрэг хориг тавьж байгаа юм. Учир нь Өршөөлийн тухай хууль Ц.Элбэгдоржид өөрт нь хэрэг болох ч юм бил үү ?!
З.Энхболд бүх дайснуудаа босгож, нэгдсэн хүчин болгосон алдаагаа гүнзгийрүүлж, өөрөө үхэх гээгүй л юм бол нэн тодорхой зоримог үйлдэл хийх цаг болсон. Хэрэв Ц.Элбэгдоржийн хоригийг УИХ хүлээж авбал АН, МАХН-ын ил болон нууц тохироо будаа болно гэсэн үг. Тэгвэл Засгийн Газар амьд үлдэх нь юу л бол ?! Хэрэв хоригийг хүлээж авахгүй бол шинэ Засгийн Газрыг МАН, Ц.Элбэгдорж нар хүлээн зөвшөөрнө гэдэг гонжгор. Тэгвэл Засгийн Газар бас л үхэж таарч байна.
Дээрээс нь АН, МАН хоёрт бослого гарах нь гарцаагүй ба гэртээ түймэр алдвал популистуудаас болсон гэж тайлбарлаж арай ч болохгүй л дээ. Г.Уянга улс гэрээ Та нараас аврах гэж байгаа болохоос танай намуудын ямбий гэрийг тоож “шатаах” жижиг гар биш…
Ингээд “Үзэгдэл хийгээд мөн чанарын тухай” өгүүлэлд бичсэн өрөг хэвээрээ байна, харин ч УИХ-ын гишүүн Г.Уянгын гарт байгаа хөзрийн тоо нэмэгдэж байна. Түүний өөдөөс завхай модтой завхай Та нар яахийм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 08 дугаар сарын 15.
Эх сурвалж: ganaa.mn