Уяач Х.Лхагважав: Халзан үрээ маань түрүү жилийн амжилтаа баталлаа

Хуягбаатарын Лхагважав: Халзан үрээ маань түрүү жилийн амжилтаа баталлаа

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан үрээ энэ жил шүдлэнгийн уралдаанд дахин аман хүзүүдлээ. Халзан үрээний уяа сойлгыг тааруулсан Дундговь аймгийн Адаацаг сумын ААУ Д.Хуягбаатарын хүү Х.Лхагважаваас сэтгэгдэлийг нь сонслоо.

Баяр хүргэе. Халзан үрээ түрүү жилийн амжилтаа бататгалаа.
Баярлалаа. Халзан үрээ маань өнгөрсөн жилийн наадмаар аман хүзүүдэж байсан. Энэ жил дахин аман хүзүүдлээ. Жаахан гараа алдаад эргэчихшиг боллоо. Үзүүрийн хоёр үрээ хэтэрхий хол тасарсан болохоор арай л хүрж чадсангүй. Тэхдээ сайхан байна. Улсынхаа наадамд хоёр жил ирэхдээ халзан үрээгээ хоёр аман хүзүүдүүллээ.

Энэ жил сунгаагаа хаана хийсэн бэ?
Нутагтаа хийсэн. Дундговь аймгийн Адаацаг суманд морьдоо уяж байгаад аавтайгаа хамт ирсэн. Манай аав ААУ Дашдэлэгийн Хуягбаатар гэж хүн бий. Өвөө маань харин Улсын алдарт уяач цолтой. Д.Дашдэлэг гэж хүн байдаг. Өвөө, аав, ах нарын маань адууны төлөө насаараа зүтгэсэн нөр их хөдөлмөрийнх нь үр шим гарч байна. Үнэхээр их баяртай байна.

Халзан үрээний удам угшил хаанах адуу билээ. Дорнод гэдэг байх аа?
Дорнодын Цагаан-Овоогийн унаган адуу. ААУ Т.Батзоригийн дүү Батсайхан гэж хүнээс даага байхад нь авч байсан юм.

Энэ жилийн наадамд хэдэн насны хичнээн морьтой ирэв? Хязаалан уралдуулсан уу?
Дөрвөн насны морьтой ирсэн. Хязаалан мордуулаагүй ээ. Маргааш их нас мордуулна. 11-нд соёолон, даага хоёр мордуулна. Ямар ч гэсэн гараагаа сайхан эхэллээ.

Танай аймгийн наадам энэ цаг мөчид болж байгаа. Зарим морьдоо нутагтаа уралдуулж байгаа юу?
Саяхан манай том ах Доржхоролын соёолон үрээ аймгийнхаа наадамд аман хүзүүдлээ гэсэн. Мөн азарганы уралдаанд манай унаган гурван азарга айрагдсан байна лээ.

Аргагүй л одтой сайхан наадаж байгаа юм байна. Өшөө олон айраг түрүү хүртээрэй.
Баярлалаа. Нутгийнхаа нийт ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай.

HIIMORI.mn Б.Ганпүрэв

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …