Хүүхэдтэй холбоотой хорио цээр

Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

89

1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.
2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм.
3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ. Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.
4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно гэнэ.
5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ. “Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.
6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ. Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс хэдэр догшин зантай болно гэнэ.
10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэх ба тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно гэнэ.
11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ. Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.
12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ. Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.
13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчлэн ил магтан хэлэхийг цээрлэнэ. Цагаан хэл ам хүрнэ.
14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж цээрлэнэ.
15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.
16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин олно гэдэг.
17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ. Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.
Монгол ухаан

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …