Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлээд 20-иод хонож байна. Энэ хугацаанд энгийн иргэд автобусны буудал дээрх ТҮЦ-ээс 3600 төгрөгөөр карт авч цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хорооны халамжийн ажилтнаасаа үнэгүй зорчих картаа захиалан авч байгаа билээ. Оюутан, сурагчдын хувьд хичээл эхлэхээр сургуулиасаа картаа авна гэхээс өөр мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Ялангуяа сурагчдын хувьд өөрийн сургуулиас 3000 төгрөгөөр картаа худалдаж авна. Тус картаар сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлнэ хэмээн мэдээлсэн.
Гэвч энэ асуудлыг Монголын сурагчдын холбооноос эсэргүүцжээ. Учир нь их, дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу хэмээн үзэж байна. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай гэжээ.
Тиймээс Улаанбаатар смарт карт компани, Монголын сурагчдын холбооныхонтой уулзалт хийхээр болсон байна. Энэ уулзалтын дараа сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа хаанаас авах, хэрхэн зохицуулах мэдээллийг өгөхөөр болжээ.