Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог.
Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Спортын Төв Ордны гадна талбайд боллоо. Үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, тус газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл, ЭМСЯ-ны НБТСХТ-ийн Захиргаа, санхүүгийн албаны дарга, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан, тус төвийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг, төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, Монголын олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор, Зоригтбаатар нарын албанхан байлцаж, наадамд оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далааг гардуулав. Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад хандан ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, “Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилсан Монгол туургатны хүүхдийн их наадам зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буй энэхүү ОУ-ын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдад өндөр амжилт хүсье. Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын тавдугаар наадам болно. Уг наадамд та нарын дотроос оролцохоор эрхээ авсан нь мэдээж. Тиймээс та бүхний өмнө өндөр хариуцлага байна. Энэ хариуцлагыг дааж, амжилтад хүрэх нь чухал” гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргасан. Тэгвэл энэхүү наадам тус зарилгын зорилготой уялдаж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн тухайд есөн төрөлд өрсөлдөх бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмжээ. Тус наадмаас залуучуудын олимп, тив, дэлхийн аваргууд тус тус төрөн гарсан байдаг.
Нэмж мэдээлэхэд манай баг тамирчид V их наадмаас 30 медаль хүртсэн амжилттай оролцож байсан аж. Дараагийн VII их наадам ӨМӨЗО-ы Хөх хотод болохоор төлөвлөгдсөн байна.