“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм.
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” нь гэрч, хохирогч нэг бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдээлэл авах, аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах, нийгмийн халамж, туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох, гэрч, хохирогчийн эрхийг хангах, хамгаалах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нотлох, гэм буруу нь тогтоогдсон этгээдэд шударга шийтгэл оногдуулахад гэрч, хохирогчийн идэвх, оролцоог дэмжих зорилготой. Хөтөлбөрт зорилго, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалт, хугацаа, санхүүжилт болон хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тусгажээ. Хөтөлбөрийг 2016-1024 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Товч мэдээ
– “Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” болон “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор дотоодын зах зээлд 6 жил хүртлэх хугацаатай, 4 хувийн хүүтэй үнэт цаас гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
– УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцээд яамдаас ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
– Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор бусад улсуудаас өгсөн 164 зөвлөмжийн талаарх байр суурийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эдгээрээс Монгол Улс 151 зөвлөмжийг хүлээн авч, 13-ыг хүлээн авахгүй байх байр суурь гаргасныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 30 дугаар чуулганд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
– 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод байгуулагдсан “Улаабаатарын төлөөлөгчийн газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян эдийн засаг, худалдааны чөлөөт боомт бүсэд тээвэр ложистикийн төслийг Хятадын талтай хамтарсан компани байгуулах замаар хэрэгжүүлэхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д зөвшөөрлөө.