Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8 дугаар сарын 28-нд Монгол банкинд Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр эдийн засгийн хөгжлийн онолын лекц унших талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг лекцийг манай улсын эдийн засаг, санхүү, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, тэргүүлэх мэргэжилтнүүд ихээхэн сонирхон хүлээж буй юм.
Киотогийн их сургуулийн профессор Макото Яно “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” гэсэн нэртэй илтгэл тавих бөгөөд өөрийн боловсруулан хөгжүүлж буй “Зах зээлийн чанарын тухай онол”-ын талаар тайлбарлана. Үүнд, эдийн засгийн зүй зохистой хөгжилд зах зээлийн чанар чухал үүрэг гүйцэтгэдэг тухай, мөн энэхүү зах зээлийн чанарыг хангахад сайтар боловсруулсан төрөл бүрийн дэд бүтэц шаардлагатай болох зэрэг асуудлууд орсон байна. Ялангуяа, зах зээлийн өндөр чанарыг дэмжих хууль эрх зүйн тогтолцоо болон бусад институтциональ зохион байгуулалтын ач холбогдлын тухай ярих болно.
Харин Токиогийн их сургуулийн хуульзүйн профессор Шозо Отагийн хувьд тэрбээр “Шударга ёс, Нийгмийн хэм хэмжээ ба Зах зээлийн чанар” гэсэн сэдвээр лекц уншина. Агуулгын хувьд, тоглоомын онолыг (Dictator Game, Ultimatum Game, Third Party Punishment Game) хөгжлийн төрөл бүрийн шатанд буй нийгмийн хувьд туршилт явуулсны дүнд тэдгээрийн шударга ёсны ойлголтын ялгаа, нийгмийн хэм хэмжээ зөрчигсдөд шийтгэл хүлээлгэх хүсэл эрмэлзлийн ялгаа зэрэг нь зах зээлийн интеграцчлалтай ямар харилцан хамааралтай болох талаар сүүлийн үед олон улсад хийгдсэн судалгааг танилцуулна. Мөн зах зээл дэх зулгуйдалт хэмээх үзэгдлийн талаар Японы иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнг тайлбарлаж, дээрх судалгаанууд зах зээлийн чанарын хувьд хэрхэн холбогдохыг дүгнэн ярина.